Нийслэлийн Монгол Ардын Нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал болж байна. Тус хуралд нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66.758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцов. Төлөөлөгчдийг Ковид-19-н шинжилгээнд хамруулан, халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталж, хуралдааныг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна.
Хуралдаанд УИХ-ын 22 гишүүн, Монгол Улсын Засгийн газрын зургаан гишүүн, НИТХ-ын 44 төлөөлөгч сонгогдлоо.
Санал хураалтын өмнө Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашид хийх алхмуудаа тодорхойлсон “Шинэ алхам-Шинэ нийслэл” илтгэл тавьсан.
Тэрбээр “Миний бие Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсоноос хойш гурван шатны дөрвөн сонгуульд багаа удирдан та бүхэнтэйгээ хамтран амжилттай оролцлоо. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцож, нийслэлд нэр дэвшүүлсэн 24 мандатаас 22-т сонгогчдын олонхын дэмжлэг авч, 91.7 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан. 2020 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд “Нийслэлийн хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, нийслэлд 34, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 200 нэр дэвшигч сонгогчдын олонхын санал авсан. 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 60 хувийн санал авч, итгэл төгс ялалт байгууллаа. Энэ бүхэн хамтын амжилтын маань үр шим билээ” хэмээв. Нийслэлийн МАН-ын хорооноос 2022 оныг “Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил” болгон зарлалаа.
Нийслэлийн МАН-ын хорооны 35 дугаар Бага хурлаар ирэх дөрвөн жилд тус намын хороог удирдан чиглүүлэх удаах даргаа сонгов. Санал хураалтын дүнгээр Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томиллоо.