Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн бүрэн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.
Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусын шинэ хувилбаруудыг яаралтай илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, шинэ мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна.
Манай улсад корона вирусийн дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт 4 сая гаруй шинжилгээ хийгээд буй. Халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын эх уурхайг олох, тархалтыг таслан зогсоохын тулд молекул эпидемиологийн нотолгоо гаргах, вирусийн генийн дарааллыг тогтоох шинжилгээний арга зайлшгүй хэрэгтэй байсныг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байлаа.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "NGS өндөр технологи ХӨСҮТ-д нэвтэрснээр аливаа халдварт өвчний эмгэг төрүүлэгчийн генийн дараалал тогтоох шинжилгээг дотооддоо хийж, баталгаажуулах боломжтой болж байгаад баяртай байна. Нийтийг хамарсан халдварт өвчний үед тандалт, илрүүлгийн ажил илүү үр дүнтэй болж, онцгой нөхцөл байдалд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг зөв оновчтой төлөвлөхөд нэн чухал үүрэгтэй. Бидэнд энэ цаг үед маш чухал дэмжлэг үзүүлсэн Австралийн Засгийн газар, ДЭМБ-д халуун талархал илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаална гэдэгт бүрэн итгэж байна” хэмээсэн юм.
Өндөр технологи бүхий NGS лаборатори нь зөвхөн халдварт өвчнийг оношлох, тандалт судалгаа хийгээд зогсохгүй, халдварт бус өвчний оношилгоо шинжилгээнд ч тустай гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.