Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан задгай талбайд худалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, "Нарантуул", "Баялаг ундраа", "Дүнжингарав" зэрэг томоохон худалдааны төвүүдэд худалдаа эрхэлдэг хүмүүсийг нэн даруй буюу энэ сарын 30-ны өдрөөс вакцинжуулах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: "40 цэгт дархлаажуулалтын ажил үргэлжилж байна. Өмнөговь, Төв, Орхон аймгийн үйл ажиллагааг нь тасралтгүй явуулах шаардлагатай ААН-үүдийн ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулав."
Дорноговь аймгийн онцгой комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Замын-Үүд сумыг шилжүүлж, халдварын тархалтын “Улаан түвшин”-д 03 дугаар сарын 28-ны өдрийн 06:00 цагаас 04 дүгээр сарын 11-ны 06:00 цаг хүртэл шилжүүллээ.
Халдвар орон нутгуудад гарч эхэлсэн учраас вакцинжуулалтын ажлыг зөвхөн Улаанбаатарт биш аймаг сумдад хийж эхэллээ. Халдвар эрчимтэй бүртгэгдсэн аймгийн иргэд болон бүтээн байгуулалт хийгдэж байгаа халдваргүй аймгийн иргэдэд тарилга эхэлсэн байна. Вакины хүрэлцээ хангамж хангалттай байгаа учраас тарилгыг эрчимжүүлэхэд анхаарчээ.