Нөхөн сонгуульд МАН-аас Э.Батшугар, Ц.Идэрбат нар нэр дэвшлээ

Намууд

Ардчилсан нам нөхөн сонгуульд Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр дэвшин сонгогдож байсан Хэнтий аймгийн 18-р тойрог, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын нэр дэвшин сонгогдож байсан СХД-ийн 28-р тойргуудад нөхөн сонгууль явагдана.

Тэгвэл өчигдөр улс төрийн намууд нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ эцэслэн тодрууллаа.

УИХ-ын 28-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас Энхбаярын Батшугар нэр дэвших бол Хэнтий аймгийн 18-р тойрогт тус аймгийн засаг дарга Цагаанхүүгийн Идэрбатыг нэр дэвшүүлэхээр бага хурлын гишүүдийн олонхи санал нэгджээ.

Харин Ардчилсан намаас хотын дарга асан Бат-Үүлийг СХД-ийн 28-р тойрогт нэр дэвшихээр болсон бол УИХ-ын гишүүн асан  Гарамгайбаатарыг Хэнтий аймгийн 18-р тойрогт нэр дэвшүүлэхээр боллоо. Тус хоёр хүнийг намын үндэсний бодлогын хорооны гишүүд олонхоороо дэмжсэн гэлээ.

Сонгинохайрхан дүүрэгт Батшугар, Бат-Үүл нартай өрсөлдөхөөр Хүн намаас Найдлаа, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Төмөрсүх, Иргэний зориг ногоон намаас Гантулга, Үнэн ба зөв намаас Отгонбаатар нар нэр дэвшжээ.

Нэр дэвшигчид энэ сарын 6-ны өдөр СЕХ-нд материалаа хүргүүлэх учиртай.

Улмаар ажлын тав хоногт багтаан бүртгэх эсэхийг шийдэх юм. Нэр дэвшигчээр бүртэгдсэн хүмүүс 18-ны өдөр үнэмлэхээ гардан авснаар сурталчилгаа эхэлнэ.

Улмаар сонгуулийн сурталчилгаа 21 хоног үргэлжлэх юм.