Тэтгэвэр өвлөгддөг байх асуудлыг хуульд тусгана

Намууд

Харин Улсын их хурал дахь МАН-ын бүлэг засгийн газраас өргөн мэдүүлсэн нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ хуулиар тэтгэвэр өвлөгддөг болохоос гадна суурь тэтгэврийн хэмжээ шинэчлэгдэх юм. Олон өөрчлөлт орж байгаа томоохон хуулийн төслийг Монгол Ардын Намын бүлэг хүлээн авах нь зөв гэж үзлээ.

Манай улс жилд дунджаар нийгмийн даатгалын шимтгэлд 2 орчим их наяд төгрөг төвлөрүүлдэг бол 1.3 их наядыг нь тэтгэвэрт олгож, үлдсэн 700 орчим тэрбумыг тэтгэмжид зарцуулдаг. Гэвч тэтгэмжид зарцуулж байгаа хөрөнгө хүрдэггүй тул жил бүр 800 гаруй тэрбум төгрөгийн татаасыг улсын төсвөөс төлж байна. Улсаас татаас өгөөд ч нийгмийн даатгалын сан алдагдалтай явж ирсэн тул цогц шинэчлэл хийхээр засгийн газар төсөл боловсруулжээ. Үүнд тэтгэвэр өвлөгддөг байх, суурь  тэтгэврийн хэмжээг шинэчлэн авч үзэх зэрэг асуудлууд багтсан байна.

Гэхдээ засгийн газраас оруулж ирсэн хуулийн шинэчлэлд иргэдээс хамгийн их хүлээлттэй байдаг тэтгэврийн зөрүүг арилгах зохицуулалт тусаагүй байна. Мөн тэтгэвэрт гарах насыг дахин шинэчлэхгүй гэдгийг хэллээ.

2022, 2023 онуудад НДШ-д 17 хувийг суутгахаас ажилтан 8.5, ажил олгогч 8.5 хувийг төлнө 

Өнгөрсөн 2018-2020 онуудад нийгмийн даатгалын шимтгэлийг хамгийн өндөр буюу 24 хувь хүртэл авч байсан. Үүний 12 хувийг ажилтан 12 хувийг ажил олгогч төлж байсан юм. Тэгвэл ирэх онуудад нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулан авах бодлого баримтална гэж эрх баригч нам мэдэгдлээ. Тухайлбал, 2022,23 онуудад нийт 17 хувийн шимтгэл авахаас ажилтан ажил олгогч нар 8.5 хувиар  тооцон төлнө гэдгийг онцолж байна.