Ардчилсан Намын ээлжит бус 13-р их хурлаар үндсэн дүрмэндээ өөрчлөлт орууллаа 

Намууд

С.Эрдэнэ даргатай Ардчилсан Нам ээлжит бус их хурлаа зарлалаа. Орон нутгаас сонгогдсон 1300 гаруй төлөөлөгч оролцож намын ирээдүйн хувь заяаны талаар ярилцсан байна. Нам дотроо хуваагдаж хоёр нам болоод байгааг нэгтгэж үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзжээ. Мөн Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж эхлэх улс төрийн намын тухай хуульд өөрсдийн дүрэм журмыг нийцүүлэх нь зүйтэй гэдгийг намын гишүүд дэмжсэн байна.

Ардчилсан нам сүүлийн хоёр ч томоохон сонгуульд дараалан ялагдал хүлээхэд тус намд үүссэн дотоод зөрчилдөөн гол нөлөө үзүүлсэн. Тиймээс цаашид Ардчилсан Нам тулга тойрсон хэрүүл, дотоод зөрчил гэж явахаас илүүтэйгээр бодлогын нам байхад анхаарч үндсэн зорилго үнэт зүйлээ илүү тодорхойлж үйл ажиллагаагаа явуулна гэж намын удирдлагууд мэдэгдлээ. Энэ хүрээнд өнөөдөр 13-р ээлжит бус их хурлыг зохион байгуулж намынхаа үндсэн дүрмэнд хэд хэдэн томоохон өөрчлөлтийг хийлээ.

Ардчилсан намын ээлжит бус 13-р их хуралд 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 1,392 төлөөлөгч оролцсон юм.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж удаан хугацаанд танхимаар хуралдаан зохион байгуулаагүй тус намын удирдлага энэ удаад танхимаар болон цахим хэлбэрээр 13-р их хурлаа зохион байгуулсан юм.