Төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Хөшигийн хөндийд шинээр төлөвлөнө

Засгийн газар

Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоох, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх талаар үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын явц, гүйцэтгэлийг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар Төв аймгийн Хөшигийн хөндийд Засгийн газрын байруудын нэгдсэн цогцолбор шинээр төлөвлөх, барьж байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий  Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нэгдсэн судалгаа хийж байна.

Хөшигийн хөндийд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн байрыг шинээр төлөвлөж байгуулснаар,

-Шинэ хотжилт бүхий бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих

-Нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт ажлын байр бий болгох

-Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хангах, төрийн албаны үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх

-Шинэ хот, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.