Хоёр дахь Замын-Үүд болох Ханги боомтын төмөр замын бүтээн байгуулалт өнөөдөр эхэллээ 

Засгийн газар

Уул уурхайгаас хараат эдийн засагтай манай улсад хилийн боомтуудын үйл ажиллагааг сайжруулах нь юу юунаас чухал байгаа. Энэ хүрээнд эрх баригч нам шинэ сэргэлтийн бодлогод боомтын хүчин чадлыг сайжруулах нэн тэргүүний  зорилт тавьсан.

Тэгвэл Замын-Үүд - Эрээн боомтыг орлох хэмжээний томоохон бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байна. Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр замаас салаалан Ханги боомт руу 226 км зам тавих ажил эхэллээ. Тус замаар жилд 20 сая тонн бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж тооцоолж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын дундаас Ханги Мандал боом руу 226 км урттай төмөр зам тавих ажил өнөөдөр эхэллээ. 

Засгийн газрын өнгөрсөн 1-р сард 28 дугаар тогтоол гаргаж “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн юм.     

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртэлх тээврийн зайг 1722 км-ээс 1404 км 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллараар бууруулна гэж тооцсон. Улмаар тус боомтоор жилдээ 20 сая тонн бүтээгдэхүүн экспортод гаргаж тэр хэрээр улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулна гэж тооцоод байгаа юм. 

Өнөөдөр эхэлсэн бүтээн байгуулалтын ажлыг хагас жилийн хугацаанд дуусгахаар төлөвлөж ирэх 10-р сард ашиглалтад оруулахаар тооцоолж байна. 

Манай Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх төсөл юм. Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг үндэсний компаниуд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд хийж гүйцэтгэхээр ажлыг эхлүүллээ.