Л.ХАЛТАР:Хангийн төмөр зам Дарханы зам шиг замрахгүй зургаан сарын дотор барьж дуусгана

Засгийн газар

Монгол Улс өөрсдийн нөөц боломж хүчин чадлаар томоохон төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хийх болсон. Энэ удаад хагас жилийн дотор 226 км төмөр замыг барьж улсын эдийн засагт шинэ гарцыг нээхээр ажиллаж эхэллээ. Өчигдөр ажил нь эхэлсэн Ханги боомтын төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспорт одоо байгаа хэмжээнээс 10 дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ хэрээр улсын эдийн засагт томоохон  хувь нэмэр оруулж эхэлнэ гэж үзэж байна.

Манай улсын нүүрсний дийлэнхи нь БНХАУ-ын Бугат хотын Гангын үйлдвэрт нийлүүлэгддэг. Тэгвэл яг Бугат чиглэл руу хамгийн дөт замаар нийлүүлэх төмөр зам нь Хангийн төмөр зам юм. Нийтдээ 226 км үргэлжлэх энэ төмөр замыг Тавантолгой-Зүүнбаян төмөр замыг барьсан аж ахуй нэгжүүд хагас жилийн хугацаанд манай улсын аж ахуй нэгжүүд, ЗХ-ний анги нэгтгэлүүд  ажилдаа орлоо. Төрөөс нэг төгрөг гарахгүй концессийн гэрээгээр уг төмөр замын Монголиан транс лайне компани барьж байгуулах юм. 

Эдийн засгийн хувьд хамгийн үр өгөөжтэй энэ төмөр замыг богино хугацаанд барьж чадсанаар манай улсын төмөр замын 5 дахь гарцтай болох юм. Мөн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийн сайжруулах ажлын хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлын нэг юм.

10 сард ашиглалтад оруулах энэ төмөр замаар жилдээ 20 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэнэ. Ингэснээр эдийн засагт бодит дэмжлэг болох юм аа.

Хангийн төмөр замын бүтээн байгуулалт дээр үндэсний 30 гаруй компани, мөн ЗХЖШ-ын анги нэгтгэлүүд ажиллаж эхлээд байна. Төмөр зам барьж байгаа компаниудын хувьд 4-10 км-аар хуваан авч бүтээн байгуулалтын ажилдаа оржээ. Хэрэв дээрхи 226 км төмөр замыг төлөвлөсөн хугацаандаа оруулж чадвал Монголчуудын хувьд асар богино хугацаанд өөрсдийн хүч бололцоогоороо дээрхи төмөр замыг тавьсан бас нэг түүхийн гэрч болох юм аа.