Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулахыг дэмжлээ

Парламент
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт Монгол Улс 2017 оноос хамрагдаж, энэ тохиролцооны хүрээнд зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх үүрэг хүлээж, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувиар өсгөж хуульчилсан нь нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх, Нийгмийн даатгалын санд ачаалал үзүүлэхгүй байх ач холбогдолтой шийдвэр байсан ч цар тахлын үед аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн ашиг орлого буурч, татварын ачаалал үүсгэж байгаа тул нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хувиар бууруулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр уг хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн 9.5 хувийг 2021 оны долоодугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувь болгож бууруулахаар тусгасан бөгөөд хуульд ийм өөрчлөлт оруулснаар иргэд, аж ахуйн нэгжид үүсэх дарамт багасаж, ажлын байраа хадгалах, цаашид нэмэгдүүлэх боломж бий болно гэж төсөл санаачлагчид үзсэн байна.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн төсөлд заасан хувь хэмжээгээр бууруулснаар нийгмийн даатгалын санд улсын төсвөөс үзүүлэх дэмжлэг 2021 онд 94.5 тэрбум, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр урьдчилсан тооцоолол хийгдсэн ч цар тахлын онцгой нөхцөл байдалд ард түмний эрх ашгийн төлөө дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн бөгөөд эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотойг төслийн үзэл баримтлалд дурджээ.

Хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд төслийн 1 дүгээр зүйлд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан байна. Энэ хуулийг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төслийн 2 дугаар зүйлд тусгажээ.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.