Д.Сарангэрэл: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхэд маш хэцүү зовлон байдаг

Парламент

Хүүхдийн төлөө сангаас тив дэлхийн урлаг, спортын наадамд оролцох эрх авсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зардлыг санхүүжүүлнэ.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Хүүхдийн төлөө сан байгуулах төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Хүүхдийн төлөө сангийн орлогыг гурван төрлийн эх үүсвэрээр бүрдүүлэхээр тусгасан. Үүнд олон нийтийн сонирхол татахуйц буюу азын тодотголтой автомашины улсын дугаарыг өндөр үнээр борлуулж орлогыг санд төвлөрүүлэх, урлаг спортын наадмаас олсон орлого болон бусад эх үүсвэр гэж тодотгосон. Харин сангийн зарцуулалтыг тив дэлхийн урлаг спортын наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг шагнаж урамшуулах, хүүхдэд чиглэсэн бүтээн байгуулалтад зарцуулахаар тусгасан. Тэгвэл УИХ дахь эмэгтэй гишүүд санал нэгтэйгээр хүүхдийн төлөө сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн дэмжлэг олгодог байх санал гаргасан ч холбогдох байнгын хороогоор дэмжээгүй байна.

Улсын хэмжээнд 0-18 насны 11 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна. Дээрх хүүхдүүдийн дийлэнх нь тусгай хэрэгцээт сургууль цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тив дэлхийн  урлаг спортын наадамд оролцох эрх авсан тохиолдолд сангаас дэмжлэг олгож бүрэн санхүүжүүлэх санал гаргаж чуулганы хуралдаан дээр гишүүд дэмжлээ. Мөн сангийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс байгалийн баялгийн орлогоос тодорхой хувийн болон НӨАТ-аас нэг хувийг төвлөрүүлэх саналыг зарим гишүүд гаргасан ч гишүүдийн олонхи дэмжсэнгүй.

Хүүхдийн төлөө санд жилдээ 385 сая-6 тэрбум хүртэлх төгрөг төвлөрөх тооцоог гаргасан. Сангийн зарцуулалтыг зөвхөн бүтээн байгуулалт, шагнал урамшуулалд биш тив дэлхийн урлаг спортын наадам уралдаан тэмцээнд оролцох эрх авсан ч санхүүгийн асуудал хүнд хүүхүүдийг дэмждэг байх асуудлыг байнгын хороо дахин судалж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо.