МАНАЙ УЛСЫН ХҮН АМ ЖИЛД ДУНДЖААР 2.2 ХУВИАР ӨСЧ БАЙНА
2031 ОНД МАНАЙ УЛС 4 САЯ ИРГЭНТЭЙ БОЛНО ГЭХ ТООЦОО ГАРЧЭЭ
Хүн ам, орон сууцны улсын тооллогыг 10 жилд нэг удаа хийх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд 2020 оны улсын нэгдсэн тооллогыг УИХ-д өнөөдөр танилцууллаа. Энэ удаагийн тооллогын дүнгээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж насны зөрүү нэмэгдсэн, ганц бие буюу өрх толгойлсон эх эцгийн тоо өссөн, Завхан болон Дундговь аймгийн хүн амын тоо буурсан зэрэг хэд хэдэн анхаарал татах үзүүлэлт гарсан байна.
Гишүүдийн зүгээс техник технологи өргөн хөгжсөн өнөөгийн нөхцөлд хүн амын тоо аж байдлыг 10 жил тутамд тоолох биш жил тутамд тооллогын арга хэмжээ авч бодлого тодорхойлдог байх хэрэгтэйг онцоллоо.
2020 оны хүн ам, орон сууцны нэгдсэн тооллогоор улсын нийт хүн ам 3 сая 296 мянга 866 гэж тоологджээ. Энэ нь манай улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өсч байгаа үзүүлэлт юм. 1968 онд манай улсын нийт хүн ам 1 саяд хүрч байсан бол 1988 онд 2 сая 2015 онд 3 сая хүнтэй болж байсан. Тэгвэл хүн амын өсөлт цаашид энэ хэвээр үргэлжилвэл 2031 онд 4 сая дахь иргэнээ өлгийдөн авна гэж үзжээ. Сүүлийн 10 жилд ганц бие өрх толгойлсон хүмүүсийн тоо өссөн бол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж насны зөрүү нэмэгдсэн байна.