НДШ-ийг хоёр хувь бууруулснаар даатгуулагчийн орлого 10% орчим нэмэгдэнэ

Парламент

Өнгөрсөн сарын 4-ний өдөр нэр бүхий гишүүд нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд энэ оны эхнээс ажилтан болоод ажил олгогч нарт тус бүр нэмэгдэж байгаа нэг хувийн шимгэлийг авахгүй байхаар тусгасан. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар төслийг хэлэлцэж 7-р сарын нэгний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэврийн даатгалын шимтгэлийг оны эхнээс ажилтан ажил олгогч тус бүрт нэг хувиар нэмж 9.5 хувь болгох хуулийн төсөл хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл цар тахлын хүнд үед дээрх нэмэгдлийг бууруулж 8.5 хувь хэвээр үлдээх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцлээ. Хуулийн төсөл батлагдсанаар даатгуулагч иргэний орлого дунджаар 10 орчим хувиар нэмэгдэнэ гэх тооцоог гаргасан. Даатгуулагч болон ажил олгогчоос хөнгөлөх хоёр хувийн хөнгөлөлтөд улсын төсвөөс 94 тэрбум төгрөг шаардлагатай. Тэгвэл санхүүжилтийг ямар байдлаар шийдсэн талаар гишүүд тодруулж байлаа.

Манай улс Валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар сүүлийн гурван жил үе шаттайгаар нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн. Оны эхнээс нэмэгдсэн хоёр хувийн  нэмэгдлийг цар тахлын нөхцөл байдлаас үүдэн хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдээс аваагүй бол төрийн байгууллагын алба хаагчид төлсөөр байгаа. Тиймээс цар тахлын үед дээрх хуулийг баталж даатгуулагч иргэдээ бага ч болов дэмжих хэрэгтэйг гишүүд хэллээ.

Дэлхий нийтэд цар тахал дэгдээд хоёр жил орчмын хугацаа өнгөрч эдийн засаг чамгүй хүндэрсэн. Энэ үед иргэн аж ахуй нэгжүүдийг дэмжих чиглэлд өмнөх засгийн газраас эхтэй ажлууд үргэлжилж нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлт, хөнгөлөлтөд 731 тэрбум төгрөг зарцуулсан байна.