Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал үргэлжилж иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт дордож байгаа өнөөгийн нөхцөлд шатахууны хомсдолоос үүдсэн үнийн өсөлт иргэдийг туйлдуулж байна.
Шатахууны үнэ өсөхтэй зэрэгцэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн сүүлийн өдрүүдэд огцом өссөн. Тэгвэл УИХ ын дарга намрын чуулганыг нээх үеэрээ салбар хариуцсан сайд, дарга нараас хариуцлага нэхлээ. Өнөөдөр намрын чуулган нээлтээ хийж ирэх даваа гарагт МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийнэ.
Олонхийн бүлэг хуралдаанаараа цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдаанаар засгийн газрын сайд нараас мэдээлэл сонсож шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг онцгойлон авч хэлэлцэнэ гэж олонхийн бүлгийн дарга хэллээ.
"Роснефть" компани үйлдвэртээ засвар хийхийг мэдэгдсээр байхад дотоодод хомсдол үүсгэж, хүнд нөхцөл байдалд хүргэсэн асуудлыг УИХ-ын гишүүд ч шүүмжилж байна. Хэдийгээр 100 хувь импортоос хараат хэдий ч бодлого тодорхойлох томоохон яам эрсдэлийг тооцож чадаагүйд буруутай хэмээн хэлж байна.
Засгийн газрын тэргүүн ч шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг зохицуулж чадаагүй албан тушаалтан хариуцлага хүлээх ёстой гэх байр суурийг илэрхийлсэн.
Цар тахлын нөхцөл байдал хүнд, иргэд туйлдаж байгаа өнөөгийн нөхцөлд засгийн газар тогтвортой ажиллах ёстой ч салбар хариуцсан хүмүүс хариуцлагатай байх ёстойг УИХ-ын дарга анхааруулсан юм.