Т.АЮУРСАЙХАН: Монре даатгалын 88.5 хувийг эзэмшдэг Т.Доржханд гишүүн ашиг сонирхлоор хандаж болохгүй

Парламент

Жолоочийн хариуцлагын даатгалд өөрчлөлт оруулах төслийг байнгын хороо дэмжлээ.

Даатгалын компаниуд найман жилийн хугацаанд 230.5 тэрбумын хураамж авчээ.

Ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй бол цагдаагийн оролцоогүй нөхөн олговор олгохоор тусгажээ. 

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг төр хариуцан ажиллах зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан тэргүүтэй 20 гишүүн санаачлан өргөн барьсан. Даатгалын компаниудын хүчтэй эсэргүүцэлтэй тулаад байгаа дээрх хуулийн төсөл гишүүдийн дунд маргаан дагууллаа.

Зарим гишүүдийн тухайд 30 жилийн туршид зах зээлийн зарчмаараа хөгжиж ирсэн даатгалын салбарын ажлыг төр хийх нь буруу гэж үзэж байсан юм.

Харин хууль санаачлагч гишүүдийн тухайд албан журмын даатгалыг хувийн хэдхэн компани хийж ашиг олдог ч эргээд жолооч нарт олгож байгаа нөхөн олговор хангалтгүй байгааг онцолж байсан юм.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 14 даатгалын компани сүүлийн 8  жилийн хугацаанд 230 тэрбум төгрөгийн хураамж жолооч нараас албан журмын даатгал нэрээр авчээ. Гэхдээ үүнээсээ ердөө 110 тэрбум төгрөгийг нөхөн олговорт олгосон байдаг байна. Улсын хэмжээнд 1.2 сая  жолооч байгаагаас 200 мянга гаруй нь албан ажлын шугамаар даатгагддаг бол сая гаруй жолооч албан журмын даатгалыг заавал хийлгэж байна.

Тэгвэл хэдхэн даатгалын компани иргэдээс албан журмаар даатгал авч эргээд олгож байгаа нөхөн олговроосоо илүүтэй ашиг хийж болохгүй гэж хууль санаачлагч гишүүд хэлж байгаа ч зарим гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Даатгалын компаниуд албан журмын даатгалаас бусад төрлийн даатгалыг хийгээд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжтой хэмээн хууль санаачлагчид хэлж байна.

Харин жолоочийн албан журмын даатгал нь төрөөс авч байгаа татвар шиг болсон тул ашгийн төлөө байгууллагууд хийх ёсгүй гэж байгаа юм. Тиймээс төрөөс зохицуулалт хийж хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй тохиолдолд тээврийн цагдаагийн оролцоогүйгээр нөхөн олговрыг 30 хоногийн дотор олгохоор тусгаад байгаа юм. 

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралд оролцсон нийт гишүүдийн олонхи дээрх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд албан журмын даатгалыг төр хариуцвал ямар зарчмаар ажиллах, хэр хэмжээний бүтэц үүсгэх, чирэгдэлгүй үйлчилгээг хэрхэн хийх зэргээр олон чиглэлд анхаарч төслийг илүү боловсронгуй болгож нухацтай хэлэлцэх ёстойг хэлж байгаа юм.

ШУУД ҮЗЭХ