Койнд 2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулсан 600 мянган иргэн эрсдэлээ өөрсдөө үүрнэ.
Сүүлийн үед хүчтэй эрчимжиж байгаа виртуал хөрөнгийн зах зээлд 600 мянган иргэн тоглогч болжээ.
Өнөөдрийн байдлаар 2 их наяд төгрөгийн коинд хөрөнгө оруулсан иргэд эрсдэлээ өөрсдөө үүрэхийг УИХ-ын зарим гишүүд болоод Төв банкнаас сануулж байна.
Олон улсын санхүүгийн байгууллага виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль нэн даруй гаргахыг сануулсан. Тэгвэл дээрх хуулийн төсөл гартал дахин шинэ коин гаргахгүй байхад Санхүүгийн зохицуулах хороо онцгой анхаарахыг УИХ-ын дарга үүрэг болголоо.
Өөрийн эд хөрөнгө, орон байр, машин унаагаа зарж коин худалдан авч байгаа олон мянган иргэн бий. Хэдийгээр виртуал хөрөнгийн зах зээл дэлхий дахинд эрчимжиж коин худалдан авч хөрөнгөө өсгөх хүн олон байгаа ч эрсдэл гарсан тохиолдолд зохицуулах хууль эрх зүйн орчин манай улсад байхгүй.
Санхүүгийн зохицуулах хороо Төв банкнаас коинд орсон иргэд эрсдэлээ өөрөө үүрэхийг сануулсаар байгаа.
Гэвч өнөөдрийн байдлаар 600 мянган иргэн 2 их наяд төгрөгийн коин авчээ.
2002 онд хадгаламж зээлийн хоршооны хууль батлагдаж. 2006 онд 30 гаруй мянган иргэн 120 гаруй тэрбум төгрөгөөр хохирч байсан.
УИХ хоршооны хуулийг баталсан байсан тул хохирлын 50 хүртэл хувийг барагдуулж байсан. Тэгвэл хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос 10 дахин их хүн 10 дахин их хөрөнгөөр коин худалдан авчээ.
Хэзээ дэлбэрч магадгүй дарьтай торх шиг болсон тул коин авсан иргэд болгоомжтой хандахыг албаны хүмүүс санууллаа. Харин УИХ-ын даргын зүгээс виртуал хөрөнгийн хууль гартал шинэ коин гаргахгүй байхад анхаарах хэрэгтэйг хэллээ.
Коинтой холбоотой харилцааг зохицуулах хууль байхгүй тул ФАТФ буюу олон улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас манай улсад зөвлөмж өгсөн. Яаралтай виртуал хөрөнгийн зах зээлийн зохицуулах арга хэмжээ авах хэрэгтэйг сануулсан байгаа юм.