Хүний хувийн мэдээллийг задруулсан этгээдийг Эрүүгийн хуулиар шийтгэнэ

Архив...

Парламент

Ж.Сүхбаатар: Хүний амьдрал сүйрүүлэх хэмжээнд хэрэг үйлдчихээд цөөн хэдэн төгрөгөөр торгуулаад өнгөрч болохгүй

Хүний хувийн мэдээллийг задруулж тухайн хүний нэр хүндэд ноцтой халдаад зогсохгүй худал ташаа мэдээллээр гүтгэн гүжирдэх тохиолдол нийгмийн сүлжээ хөгжихийн хэрээр эрс нэмэгдсэн. Үүнээс гадна гүйцэтгэх ажиллагааны явцад мэдээлэл цуглуулж хүнийг санаатайгаар харлуулах, гүтгэн гүжирдэх, ашиг хайн шантаажлах байдлаар мөнгө нэхэх тохиолдол ч цөөнгүй гарч байгаа. Тиймээс хүний хувийн мэдээллийг хамгаалах хуульд өөрчлөлт оруулахдаа мэдээлэл задруулсан этгээдэд тооцох хариуцлагыг чангатгах нь зүйтэй гэж УИХ-ын гишүүд үзлээ.

Шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төсөлд хүний үндэс угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, эд хөрөнгө, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, цахим гарын үсэг, ял эдэлж байгаа болон эдэлсэн эсэх, бэлгийн чиг хандлага бэлгийн харилцааны талаарх мэдээллүүдийг хүний эмзэг мэдээлэл гэж тодорхойллоо.

Энэ төрлийн мэдээллийг дур мэдэн олон нийтэд дэлгэх, хүнийг санаатайгаар харлуулах, нууцад нь халдах зэрэг үйлдлүүдийг зөрчлийн хуулиар шийтгэхээр тусгажээ. Харин гишүүдийн зүгээс хүний ар гэр амьдралыг сүйтгэх хэмжээний үйлдэл хийсэн этгээдийг цөөн тооны мөнгөөр торгож зорчих эрхийг хязгаарлаад орхих нь учир дутагдалтай тул ялын бодлогыг чангатгах ёстойг хэллээ.

Хуулийн төсөлд цахим мэдээлэл буюу чат, мессенжер, хувийн гэрэл зураг зэргээр тусгайлсан нэр томьёо байхгүй. Гэхдээ хувийн мэдээлэл, эсвэл эмзэг мэдээлэл гэсэн ангилалдаа цахим аюулгүй байдлыг бүрэн байдлаар ханган оруулсан гэдгийг хууль санаачлагчид хэлж байна.

Хувь хүний нууцад хамаарсан мэдээллийг нууцын тухай хуулиар давхар зохицуулахаар тусгажээ.