Цар тахлаас үүдэлтэй дэлхий нийтээр эмч сувилагч, асрагч мэргэжлийн боловсон хүчин хомсдож эхлээд байна.
Манай улсад ч сувилагч, асрагч мэргэжилтэй боловсон хүчин нэн хомсдолд орсон. Тэгвэл дээрх төрлийн мэргэжилтэй хүмүүсийг Япон, Солонгос тэргүүтэй орнууд өндөр цалингаар ажиллуулах нь их байдаг. Тиймээс
УИХ-аар хэлэлцэж байгаа ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд сувилагч асрагч тэргүүтэй хомсдолд орсон мэргэжилтнүүдийг гадаадад ажиллахыг тодорхой хэмжээнд хязгаарлах зохицуулал тусгаж өглөө.
Өндөр хөгжилтэй орнуудын нэгт зүй ёсоор тооцогдох Франц Улс эмч сувилагчийн хомсдолд орж энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, бусад улс орноос татан ажиллуулах асуудалд онцгой анхаарч эхэлсэн. Тус улсад цар тахлын дөрөв дэх давалгаа шинээр үүсч нөхцөл байдал амаргүй болж эхэлсэн талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна.
Манай улсад дельта вирусийн давалгаа буюу цар тахлын гурав дахь давалгаа намжиж халдварын тархалт буурах шатандаа орсон ч дахин шинэ мутацийн давалгаа үүсэхгүй гэх баталгаа байхгүй.
Тэгвэл сувилагч асрагч мэргэжлийн хүмүүс нэн хосмдолтой байгаа энэ цагт дээрх мэргэжлийн хүмүүс гадны улсад очиж ажиллах асуудлыг хуулиар хязгаарлахаар болсон байна.
2016-2020 оны хооронд сувилагч асрагч мэргэжилтэй хүмүүсийн цалинг 40 хүртэл хувиар нэмсэн. Харин ирэх оноос гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг түлхүү ашиглах замаар эрүүл мэндийн салбарын эмч ажиллагсдын цалин 20 хүртэл хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон.
Тиймээс нэн хомсдолд орсон мэргэжил болох сувилагч асрагч нарыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан ямар байдлаар хязгаарлахыг засгийн газрын журмаар зохицуулахаар хуульд тусгалаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд буюу цар тахлын тархалт эрчимжиж нөхцөл байдал амаргүй байсан цаг үед 600 гаруй эрүүл мэндийн салбарын эмч ажиллагсад, асрагч сувилагч нар ажлаа орхисон гэх албан бус тоон мэдээлэл бий. Тэгвэл цаашид нэн ховордоод байгаа сувилагч, асрагч мэргэжлийн хүмүүсээ төр бодлогоор бэлтгэх нь чухал гэдгийг УИХ-ын гишүүд хэлж байсан юм.
ШУУД ҮЗЭХ