Манай улсын хүн амын 70-80 хувь дээд боловсрол эзэмшиж, 20 гаруй хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшиж байна.
Манай улсад барилга дэд бүтэц, эрүүл мэнд гээд гол чухал салбарууд боловсон хүчний хомсдолд орж ажиллах хүчний эрэлт эрс нэмэгдсэн. Өнөөгийн боловсролын тогтолцоогоор нийт хүн амын 70-80 хувь нь дээд боловсрол эзэмшиж 20 гаруй хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшиж байгаа.
Энэ тогтолцоог өөрчлөхөд төрийн бодлого хэрэгтэйг УИХ-ын зарим гишүүд онцолж байна. Учир нь нэг талаас диплом өвөртөлсөн олон мянган ажилгүй залуус бэлтгэгдэж нөгөө талд улсын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх гол салбарууд мэргэжилтний хомсдолд орсоор байгаа юм.
Герман улсад нийт хүн амынх нь 30 орчим хувь дээд боловсрол эзэмшиж 70-80 хувь нь мэргэжлийн боловсрол эзэмшин ажлын байран дээр гардаг байна. Харин манайд эсрэгээрээ хүн амынх нь 70-80 хувь дээд боловсролтой ч хөдөлмөрийн идэвхтэй насны ажилгүйчүүдээр тэргүүлдэг орон. Тэгвэл асрагч, сувилагч, тогооч, оёдолчин, барилгачин гээд боловсон хүчнээр хомсдож байгаа салбаруудад мэргэжилтэн бэлтгэх мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг Боловсролын яам авах нь буруу гэдгийг УИХ-ын зарим гишүүд хэлж байна.
9-р анги төгсөөд нарийн мэргэжлээр ажиллах хүмүүсийг цаашид бэлтгэхэд анхаарах хэрэгтэйг хэлж байгаа юм. Нэгэн жишээ дурдахад иргэн Э-гийн охин Кино урлагийн дээд сургуулийн дэргэдэх МСҮТ-д орох хүсэлтэй. Тэрээр охиноо 9-р анги төгсгөөд хүссэн мэргэжлээр нь сургах гэхээр 12 жилийн боловсрол шаарддаг байна. Ахиад гурван жил математик, физик зэргээр дургүй хичээлээ үзэж хүссэн мэргэжлээрээ сурахад хугацаа алдах шаардлага үүсчээ.
Тэгвэл энэ мэтчилэн МСҮТ-д бэлтгэж байгаа мэргэжлийг олшруулж тавьж байгаа олон шаардлага шалгуурыг багасгах хэрэгтэйг зарим гишүүд хөндөж байгаа юм.
Ажлын байран дээр гарахад заавал 12 жилийн боловсрол эзэмшсэн байх шаардлага бүхий зохицуулалт сүүлийн 10-аад жил хэрэгжиж байгаа. Гэвч улсын хөгжилд нөлөө бүхий салбарууд боловсон хүчнээр цангаж, нөгөө талд дипломтой ажилгүйчүүд нэмэгдсээр байгаа. Тиймээс мэргэжилтэн бэлтгэх тогтолцоогоо төр онцгой анхаарах цаг болсныг ийнхүү хэлж байна.
ШУУД ҮЗЭХ