Өнгөрсөн онд 31 албан тушаалтан хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлжээ

Парламент

Авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүдийн толгойг илж, торгоод явуулах боломж бүхий зохицуулалтыг эргэн харах уу?

Засгийн газар Авлигын эсрэг үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар авлига албан тушаалын гэмт хэрэгтэй хатуу тэмцэхээ илэрхийлэх болсон. Гэвч авлига албан тушаалын гэмт хэрэгтнүүд ял завших боломжийг олгосон Эрүүгийн хуулийн цоорхойг эргэн харахгүй байгааг зарим гишүүд хэлж байна.

Тухайлбал хялбаршуулсан журам буюу гэмт хэрэгт холбогдсон цагаан захтан хэргээ хүлээсэн тохиолдолд цөөн тооны мөнгөөр торгоод явуулах зохицуулалт үйлчилж байгаа нь олон хүнд ял завших боломж олгож байгааг хэллээ.

2015 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх зохицуулалт тусгасан. Энэ нь хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээсэн тохиолдолд хөнгөн ялаар шийтгэж хохирлоо нөхөн төлөх боломж олгох зохицуулалт юм.

Зургаан жилийн өмнө Эрүүгийн хуульд энэ зохицуулалтыг хийхдээ гэм буруугаа хүлээсэн этгээдээс бусад эзэн холбогдогчдыг олж илрүүлэх, мэдүүлэг авах улмаар хэргийг хурдан шийдвэрлэх боломж нээгдэнэ гэж байсан. Гэвч энэ зохицуулалтыг эсрэгээр ашиглаж авлигад эдэгдсэн цагаан захтнуудад завшаан болж байгаа олон жишээ бий. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд 31 албан тушаалтан хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. 1 р зүйлд

- Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно.  Гэх энэхүү ганц заалтыг авлигачид өөрт тун ашигтайгаар өлгөн авч ашиглаж байна.

Засгийн газар авлигын эсрэг хүчтэй дуугарч бодлогоо тодорхойлж байгаа энэ цагт дээрх зохицуулалтыг эргэн харах хэрэгтэйг гишүүд ийнхүү хэлж байна. Авлигачидтай хатуу тэмцэх ажлыг үр дүнтэй хийх нь чухал. Дэлхийд авлигын индексээр 111 р байрт эрэмбэлэгдэж байгаа манай улс энэ мэт хуулиараа авлигачдын толгойг илж ял наймаалцах боломжийг олгож болохгүй гэдгийг хуульчид ч хэлсээр байна.