БНСУ-д ажиллах зөвшөөрөл авсан иргэдийг ирэх сараас хүлээж авахаа Солонгосын тал мэдэгджээ 

Парламент

Солонгос, Япон зэрэг орнуудад ажиллаж байгаа Монгол иргэд тухайн улсын дунджаас 30 хувь бага цалин авдаг.

Цар тахлаас үүдэлтэй сүүлийн нэг жил гарны хугацаанд БНСУ манай улсаас ажиллах хүч аваагүй. Тэгвэл ирэх сараас эхлэн Солонгост ажиллах хүсэлтэй монгол иргэдийг хүлээн авахаа мэдэгдсэн гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэллээ.

Харин Солонгос Улсад ажиллаж байгаа монгол иргэд тухайн улсын дунджаас хэд дахин бага цалин авдаг, зодуулж дарамтлуулдаг, эрүүл мэнд амь насаараа хохирдог асуудалд онцгой анхаарах шаардлага байгааг зарим гишүүд онцоллоо. Энэ хүрээнд тус улсад байгаа төлөөлөгчийн газарт чиглэл өгөх ёстойг хэлж байна.

Өнөөдрийн байдлаар манай улсын 42 мянга гаруй иргэн БНСУ-д ажиллаж амьдарч байна. Гэвч тус улсад ажиллаж амьдарч байгаа монгол иргэд хүнд хүчир ажил хийдэг ч тус улсын дунджаас хэд дахин бага хэмжээний цалин авдаг. Зарим нь бүр цалингаа авч чадахгүй зодуулж дарамтлуулдаг, эрүүл мэнд амь насаараа хохирдог харамсалтай олон жишээ бий.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн 9 р сард солонгос захиралдаа зодуулж хүнд бэртэл авсан монгол эмэгтэйн асуудал сэтгэл эмзэглүүлж байсан. Тэгвэл дээрх асуудалд Монгол Улсын төлөөлөгчийн газар онцгой анхаарах хэрэгтэйг УИХ-ын гишүүд хэллээ.

Манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дундаж цалин Солонгос төдийгүй олон улсын дунджаас хэд дахин бага байдаг. Тиймдээ ч гадны улсад ажиллаж амьдралаа сайжруулах хүсэлтэй залуусын тоо эрс нэмэгдсэн.

Сүүлийн 1-2 жил орчмын хугацаанд Солонгос явж ажиллах хүсэлтэй иргэд төдийлөн хил нэвтэрч чадаагүй. Тэгвэл Солонгост ажиллах зөвшөөрлөө авсан иргэдийг ирэх сараас хүлээж авахаар болжээ.

Хоёр улсын засгийн газар хоорондын ажиллах хүч илгээх гэрээгээр Солонгос, Япон улсууд руу ажиллах хүч илгээх асуудал ч цар тахлаас үүдээд жил гарны хугацаанд завсардсан. Тэгвэл сүүлийн саруудаас эрчимжиж эргэн сэргэж эхэлсэн талаар салбар яамны мэргэжилтэн онцоллоо.