Л.ЭНХ-АМГАЛАН: Багш нарын цалин хамгийн багадаа 1 сая төгрөг байх хэрэгтэй 

Парламент

Улсын их хурлын нэгдсэн чуулган өнөөдөр боловсролын салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо. Цар тахлын улмаас 2020 оны нэгдүгээр сараас эхлэн олон удаа карантилсан. Хөл хорионы улмаас хүүхдүүдийн хичээл хоцрогдож нөхөхийн тулд бүх анхаарлаа хандуулж байгааг салбарын сайд хэллээ. Хүнд цаг үед боловсролдоо сайтар анхаарахын тулд багш ажилтнуудын нийгмийн халамж, бусад зохицуулалтуудыг ямар бодлогоор авч явахыг гишүүд асуулаа.

Цар тахлын улмаас сургалт зогссон нь хичээлийн хоцрогдлоос гадна олон асуудал хамт дагуулжээ. Гэр бүл дэх хүчирхийлэл нэмэгдэж ганцхан жилийн дотор 1,223 хүүхэд гэмт хэрэгт өртөн, 75 хүүхэд нас баржээ.  Тийм учраас танхимын сургалтыг аль болох тасалдуулж болохгүйг салбарын сайд санууллаа. Гишүүдийн хувьд сургалтын чанарт анхаарах хэрэгтэйг хэлж байна. Ялангуяа манай улс Кембрижээс эхлээд ойр ойрхон боловсролын хөтөлбөрөө сольдог. Гэтэл олон улсад хөтөлбөр эхлүүлсэн бол дор хаяж 10 жил үргэлжлүүлсний дараа бодит дүгнэлт хийж дахин солих эсэхээ шийддэг байна.

Тууштай боловсролын сайн хөтөлбөртэй байхын тулд ямар арга хэмжээ авч байгааг гишүүд тодрууллаа. 

Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах нь зайлшгүй. Бага цалинтай, өндөр ачаалалай ажилладаг багш нараас мянга сайн сургалт нэхээд амжилт олохгүй. Тийм учраас цалинг нь өсгөх, сүүлийн үеийн техник технологиор хангах хэрэгтэйг гишүүд онцолж байна.

Өнөөдрийн хуралдааны үеэр хувийн сургууль, цэцэрлэгүүдэд хувьсах зардал өгөхгүй гэдэг ташаа мэдээлэл гарсныг салбарын сайд Энх-Амгалан онцлон хэллээ.

Зөвхөн маш өндөр төлбөртэй цөөхөн хэдэн сургуульд л хувьсах зардал олгохгүй байх талаар ярьсан. Тэрнээс нийтэд нь хамруулж ойлгож болохгүйг тодотгон хэллээ.