Өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал өгөхгүй 

Парламент

Өндөр төлбөртэй ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардал өгөхгүй.

Манай улсад бүрэн дунд боловсрол олгодог төр, хувийн хэвшлийн нийт 854 ерөнхий боловсролын сургуульд 700 мянга гаруй хүүхэд суралцдаг гэсэн тооцоолол бий. Жил бүрийн улсын төсөвт Ерөнхиий боловсролын хувийн болон улсын сургуулиудын хувьсах зардал жилдээ 18-20 тэрбум тусгагддаг. Ингэхдээ нэг сурагчдад ногдох зардлыг байршил, бүс нутгаар нь ангилж, дунджаар 200-250 мянган төгрөгөөр тооцож сургуулиудад хувьсах зардлыг хуваарилдаг байна.

Сургуулиуд хувьсах зардлын санхүүжилтээр багш, сурагчдын орчин нөхцлийг сайжруулахад зарцуулдаг. Тухайлбал 2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 157 сургуулийн хувьсах зардалд 18.8 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Салбарын сайдын өгч буй мэдээллээр Улаанбаатарт 5 сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй 11 хувийн сургууль бий гэжээ.

Эдгээрээс хэт өндөр төлбөртэй буюу 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардал өгөхгүй гэдгийг салбарын сайд мэдэгдлээ. 

Өндөр төлбөртэй хувийн сургуульд их хэмжээний зардал олгож байгаа ч улсын сургуульд үүнээс хэд дахин бага санхүүжилт хуваарилагддаг. Тиймээс дараа дараагийн жилүүдэд хувийн хэвшлийн сургалтын байгууллагад олгож буй мөнгийг улсын сургуульд хуваарилахыг хэрэгтэйг олон нийт хэлж байгаа юм. Учир нь ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн төсөв хангалттай биш байдгаас дээврээс нь борооны ус гоождог, анги танхимын насжилтаас болж элэгдэлд орсон зэрэг асуудал жил бүр яригддагийг сургалтын байгууллагынхан учирлаж байна.