Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган болж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар нээж, эцэг хуулийн үр дүн ач холбогдол, цаашид улам боловсронгуй болгох чиглэлээр илтгэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 онд 119-р зарлигаар баталсан Төрийн ёслолын журамд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг тэгш ойгоор буюу таван жил тутамд залж, олон нийтэд сонирхуулна гэж заасан байдаг. Үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг УИХ-ын чуулганы танхимд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар залахад УИХ-ын гишүүд суудлаасаа босож хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталсан ба эхний гурван хууль намч хандлага, марксист үзэл суртлыг баримталж байлаа. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.
Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан 75 хоног хэлэлцэн баталсан түүхтэй.
Мөн шинэ Үндсэн хуулийг батлах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ. Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг.