МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр МУГЖ Онон, Монгол багш гэгддэг Жавзандорж нар томилогдлоо. МҮОНРТ бол төрөөс санхүүждэг, олон нийтийг соён гэгээрүүлэх үүрэгтэй байгууллага. Гэхдээ хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа гэдгийг иргэд шүүмжилдэг. Цаашид нийгмийг соён гэгээрүүлэх контент үйлдвэрлэхэд онцгойлон анхаарахыг УИХ-ын гишүүд хэлж байна.
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл 15 гишүүнтэй байдаг. Эдгээр 15 гишүүний дөрвийг нь Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд санал болгож, УИХ-ын гишүүд олонхийн саналаар томилдог. Өмнөх Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 25-нд дууссан. Тиймээс МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх Д.Жавзандорж, Н.Онон нарын нэрийг дэвшүүлэх санал оруулсан.
Н.ОНОН: УРЛАГТ 30 ЖИЛ АЖИЛЛАСАН ПРАКТИК НАДАД БАЙГАА УЧРААС САЙН АЖИЛЛАНА
Саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж жүжигчин Онон, багш мэргэжилтэй Жавзандорж нарыг МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр томилуулахаар танилцуулж, өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.
Д.Жавзандорж багш мэргэжилтэй түүх, уламжлал, ёс заншлын салбарт нэр дэвшсэн бол Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн. Тэднийг томилохыг Төрийн байгуулалтын байнгын хорооны олонх гишүүд дэмжсэн.
Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүдийн олонх нь дэмжиж, МУГЖ Онон, Буддын гүн ухааны багш, Жавзандорж нарыг МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр томиллоо.