Ахмад настнууд маргаашаас эхлэн тэтгэврээ нэмэгдэлтэй авна

Парламент

Маргаашнаас ахмадын тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг болж, тэтгэвэр бүхэлдээ нэмэгдэнэ. Энэ шийдвэрийг Улсын их хурал ээлжит бус хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төсвийн тухай хуулиа өөрчлөн баталлаа. Төсвийн өөрчлөлт буюу төсөвт тодотгол хийхдээ онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагууддаас бусад салбарын урсгал зардлыг танасан байна. Мөн Богдзонховоос эхлээд шаардлагагүй гэж үзсэн бүтээн байгуулалтын ажлыг зогсоож, зардлыг нь ахмадуудын тэтгэвэрт шингээлээ.  

УИХ өнөөдөр энэ оны улсын нэгдсэн төсөвт тодотгол хийж бүрэн тэтгэврийн доод хэмжээг 350 мянган төгрөгөөс 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 300-400 мянга болж байгаа бол 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг ахмадууд инфляцийн түвшинтэй уялдуулж 15 хувийн нэмэгдэл авна. УИХ-аар тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой улсын төсөвт тодотгол хийх үеэр 1-2 сая төгрөгийн тэтгэвэр авдаг хүнд 15 хувийн нэмэгдэл олгох нь тэтгэврийн зөрүүг улам нэмэгдүүлэх шийдвэр болж байгааг зарим гишүүд хэлж байсан юм.

УИХ-аар тэтгэврийн нэмэгдлийг хэлэлцэх үеэр сая төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бол 10 хувь, 2 саяас дээш тэтгэвэр авдаг бол 5 хувийн нэмэгдэл олгох санал гаргасан ч байнгын хороодын хурлаар дэмжээгүй тул 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авдаг бүх ахмадууд 15 хувийн нэмэгдэл авахаар болж байна. Энэ оны төсөвт тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай 650 гаруй тэрбум төгрөгийг тодотголоор шийдвэрлэсэн тул маргаашаас эхлэн ахмадууд нэмэгдэлтэйгээр тэтгэврээ авахаар боллоо.

Ахмадуудын тэтгэврийн нэмэгдэлд шаардлагатай зардлыг нийгмийн даатгалын сангийн өнгөрсөн оны  давсан орлого, эмнэлэг, онцгой байдлын газраас бусад салбарын урсгал зардлыг танах, төсвийн ерөнхийлөн захирагч хоорондын зардлыг шилжүүлэх замаар улсын төсвийн хөрөнгийг нэмэгдүүлэлгүй тодотгол хийж байгаа юм.

Ийнхүү тэтгэврийн нэмэгдлийг улсын төсөвт тусгаж сар шинийн босгон дээр ахмадууддаа бэлэг барилаа. Төвийн тодотгол хийж, холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар ээлжит бус чуулганы хуралдааныг албан ёсоор хаасан юм.