С.ЖАВХЛАН: Тэтгэврийн нэмэгдэл дагаж бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөхгүй 

Парламент

Төсөвт тодотгол хийж ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэхээр болсон нь сайн мэдээ. Гэвч үүнийг дагасан үнийн өсөлт, инфлцийн савалгаа муу мэдээ дуулгаж болзошгүйг гишүүд анхаарууллаа. Тэгвэл засгийн газар үнийн өсөлтөөс сэргийлж, үнэ тогтворжуулах арга хэмжээ авч эхэлснээ онцолж байна.

Манай улсад цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдээд  маргааш нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ үндэслэлгүй өсдөг цаасан дээр  бичигдээгүй жишиг тогтсон.  Тэгвэл энэ удаагийн ахмадуудын тэтгэврийн нэмэгдэл үнийн өсөлт болоод дуусах вий гэх болгоомжлол олон нийтийн дунд байна. Учир нь улсын төсвийн зардлыг нэмэгдүүлээгүй ч төсвийн зохицуулалт хийж гэнэт их хэмжээний мөнгийг нийгэмд нийлүүлж байгаа нь инфляци өсгөх эрсдэлтэй. Тиймээс засгийн газар үнийн өсөлтөд онцгой анхаарах хэрэгтэйг зарим гишүүн сануулж байсан юм. 

2022 онд улсын инфляци 6.7 хувьтай байна гэх зорилтыг улсын төсөв болоод дагалдах хуулиадад тусгаж тооцоолол хийсэн. Гэвч оны эхэнд 13.5 хувьд хүрээд байгаа инфляци цар тахлаас шалтгаалан цаашид хэд болж өсөхийг таамаглах хэцүү. Тиймээс инфляцитай уялдуулж тэтгэвэр тэтгэмж нэмэх хуулийг зарим гишүүд санаачлаад байгаа бол, тэтгэвэр тогтоох аргачлалыг шинэчлэх хэрэгтэйг ч олонхийн бүлгийн дарга онцолж байсан. 

Энэ онд инфляцийн түвшин 6.7 хувьтай байх зорилт биелэх эсэхийг УИХ-ын гишүүд Сангийн яамнаас тодруулсан юм. Харин Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга цар тахлын нөхцөл байдал удахгүй сайжирвал төвийн хүрээний мэдэгдлэд инфляцийн түвшин 6.7 хувьтай байх зорилтоо хангаж чадна гэж мэдэгдсэн юм.