Хөгжлийн банкнаас өндөр дүнтэй зээл авсан аж ахуй нэгжүүдийн эргэн төлөлт хангалтгүй байгааг энэ банкнаас олон нийтэд ил болсон. Ийм нөхцөл байдлаас үүдэн банкны хувь заяа дампуурлаар дуусаж магадгүй байдалд ч хүрээд байгааг ил зарласан юм. Тэгвэл Хөгжлийн банкны асуудлыг Улсын их хурал ирэх хаврын чуулганаар хэлэлцэх эхний асуудлаа болгож байна. Зээлийн мэдээллийг сайтар судалж, ажлын хэсэг байгуулан эргэн төлүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Улсын хөгжлийг түргэтгэх, эдийн засгийг тэлэх, экспортыг нэмэгдүүлж импортыг орлох, ажлын байрыг бий болгох үндсэн зорилготойгоор анх байгуулагдсан Хөгжлийн банкийг 26 компани дампууруулахад хүргэсэн тухай мэдээлэл олон нийтэд ил болсон.
Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөөгүй 26 компанийг эхний ээлжинд шүүхэд өгч байгаагаа банкны удирдлагууд мэдэгдсэн. Үүнээс үүдээд УИХ-ын гишүүд хэн их идсэн, хэн зээл авсан зэргээр маргаж эхэлсэн. Тиймээс өнөөдөр УИХ-аас ажлын хэсэг гаргаж Хөгжлийн банкнаас олгосон зээл болоод үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгууллаа.
АН засгийн эрх барьж байх үед Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Н.Мөнхбатыг томилсон агаад 2016 онд 960 тэрбумын чанаргүй зээл олгосон байдаг. Харин МАН Засгийн эрхэнд гарсныхаа дараа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаярыг томилсон бөгөөд тэрбээр 2017 онд 487 тэрбумын чанаргүй зээл олгосон асуудлаар АТГ-д шалгагдаж байгаа юм.
Тус банкнаас зээл аваад зургаан жил болсон, үндсэн болон хүүгийн төлбөрөө төлөөгүй компани одоог хүртэл байгаа. Уг зээлийн маргаан гурван шатны шүүхийн хаалга татсан ч амжилт олоогүй байна. Тиймээс ажлын хэсэг шуурхай ажиллаж ирэх хаврын чуулганы эхэнд асуудлыг шийдвэрлэхийг УИХ-ын дарга үүрэг болгосон юм.
Хөгжлийн банк ирэх 2023 оны сүүлээр олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 800 сая ам.долларын зээлийн төлбөр төлнө. Энэ мөнгийг Засгийн газраар төлүүлэх тухай яригдах болсонд олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин олгосон зээлийг шуурхай төлүүлэх ажлыг эрчимжүүлснээр засгийн газар эрсдэл үүрэхгүй гэдгийг төсвийн байнгын хорооны дарга онцолсон юм.