Монгол Улс эцэг хууль болох үндсэн хуулиа батлаад 30 жилийнхээ ойтой золгож байгаа. Түүхт ойн хүрээнд төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан шинэ үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш гавьяат хуульч, доктор профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр төрийн ордонд боллоо. Найм дахь удаагийн шагналыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад 4 жилийн туршид дүн шинжилгээ хийж ажилласан судлаачдын багт гардуулан өглөө.
1992 онд батлагдсан үндсэн хуульд 20-иод жилийн дараа буюу өнгөрсөн 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан. Гурван парламент дамжсан үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхийн тулд хууль зүйн ухааны доктор профессор Чимидийн Энхбаатараар ахлуулсан судлаачдын баг дөрвөн жилийн хугацаанд тасралтгүй дүн шинжилгээ хийн ажилласан байна. Тэдний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж анх удаа судлаачдын багт Ардын багш, гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг гардуулан өглөө. УИХ-ын дарга болоод даргын дэргэдэх зөвлөл тус судлаачдын багийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өндөр хувь нэмэр оруулсан хэмээн үзсэн байна.
Монгол Улсын гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналыг анх 2015 онд Ардын их хурлын дапутатаас эхлээд Монголын парламентад 28 жил зүтгэж, 1992 оны үндсэн хуулийн эхийг барилцаж байсан хууль зүйн ухааны доктор Лүндээжанцан авч байсан. Тэрээр Монгол Улсад төрийн эрх мэдлийн хуваарилалт бүтээлээрээ авч байсан юм. Үүнээс хойш найман жилийн хугацаанд жил бүр уламжлал болгон Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж ирсэн түүхтэй. Энэ оны шагналыг хүртсэн судлаачдын багийн ахлагч хөдөлмөрөө үнэлүүлсэнд талархаж байгаагаа хэлсэн юм.
Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан шинэ үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч доктор профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит шагналын үнэ цэнийг цаашид улам тодотгож, хууль зүйн салбарт өндөр хувь нэмэр оруулсан эрхмүүдэд гардуулж байх нь зүйтэйг УИХ-ын дарга шагнал гардуулах үеэр онцолж байсан юм.