Ц.Мөнхцэцэг: Өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл тараахад жилд 24 тэрбум төгрөг шаардлагатай

Парламент

Өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглэл олгох асуудлыг хуульчлах ёстой гэх нэр бүхий гишүүний санаачлага цахим сүлжээнд шүүмжлэл дагуулаад байгаа. Гэхдээ нөгөө талаас амьдралын боломж муу, хөдөө орон нутгийн дотуур байранд амьдарч байгаа өсвөр насны охидод хүндрэл их гардаг тул энэ асуудалд анхаарах ёстой гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Дэлхийн 20 гаруй оронд өсвөр насны охидын хэрэглээг төрийн зохицуулалтад сургууль дотуур байранд нь хангаж өгдөг хууль үйлчилдэг гэдгийг энэ сэдвийг хөндсөн гишүүн онцлон хэлж байна.

Монгол төрийн бодлого ариун цэврийн хэрэглэл тараах асуудлыг хуульд тусгатлаа дордлоо хэмээн УИХ-ын гишүүн Ц. Мөнхцэцэгийн санаачлалыг цахим сүлжээнд хүчтэй шүүмжилж эхэлсэн.

Харин нөгөө талд амьдралын боломж муу, айлд болоод дотуур байранд амьдардаг, алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн өсвөр насны охидод ариун цэврийн хэрэглээний хүрэлцээ хангалтгүйгээс доог тохуу болох хэмжээнд асуудал үүсдэг гэдгийг Мөнхцэцэг гишүүн онцоллоо. Тиймээс төрөөс ариун цэврийн хэрэгслээр өсвөр насны охидыг хангах асуудлыг судалж үзэхэд сард 2 тэрбум төгрөг буюу жилд 24 тэрбум төгрөг шаардлагатай гэх тооцоолол хийжээ.

Дэлхийн 20 гаруй оронд өсвөр насны охидын хэрэглээг төрөөс хангахаар хуульд тусган хэрэгжүүлдэг хэмээн тэрээр хэлж байна. Манай улсын хоёр иргэн тутмын нэг нь ядуу гэх ангилалд багтаж амжиргааны түвшин доогуур байгаа энэ үед дээрх асуудалд нийтээрээ анхаарах нь буруу зүйл биш гэдгийг онцолж байгаа юм.

Улсын хэмжээнд 10-18 насны 220 гаруй мянган өсвөр насны охид байдаг байна. Жилдээ 24 тэрбум төгрөгийн ариун цэврийн хэрэглэл тараана гэхээс илүүтэй зорилтот бүлэг рүү чиглэх  эсвэл дотоодын үйлдвэрүүдээ санхүүгээр дэмжихэд анхаарах хэрэгтэйг олон нийт цахим сүлжээнд бичиж байна.