Ж. МӨНХБАТ: Казино байгуулахаар гадныхан зэвсэгтэй ирээд буудалцаад байх юм шиг ойлголтоо хаях ёстой

Парламент

Хөшигийн хөндийд нисэх онгоцны буудал баригдсанаар энэ орчинд шинэ суурьшлын бүс байгуулах асуудал яригдаж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Улсын их  хурал Хөшигийн  хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцлээ. Чөлөөт бүсдээ аялал жуулчлалыг татан төвлөрүүлэхийн тулд казино байгуулах саналыг гишүүд хөндөж байна. Дэлхийн өнцөг булан бүрээс жилдээ олон мянган хүн зөвхөн казино тоглох гэж мөнгөө бариад ирдэг хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэйг гишүүд онцоллоо.  

УИХ тогтоол баталж Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэж эхэллээ. Манай улс хил дамжсан худалдааг дэмжих зорилгоор Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийг байгуулсан ч хүлээж байсан үр дүн тийм ч хангалттай биш байгааг зарим гишүүд хөндсөн юм. Тиймээс шинээр байгуулах гэж байгаа Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг бусад бүсүүдээс ялгаатай байхад анхаарч, нэн даруй ажил хэрэг болгох хэрэгтэйг хэлж байна.

Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тогтоолыг дагаад Казиногийн хууль яригдаж эхэлсэн нь олон нийтийн анхаарлын төвд байгаа. Учир нь шинэ нисэхийг түшиглэн байгуулах эдийн засгийн чөлөөт бүсэд казино байгуулснаар гаднаас ирэх иргэдийн сонирхлыг татах, гадаад валютын урсгал, аялал жуулчлалын хөгжилд чухал нөлөөтэйг зарим гишүүд онцоллоо.

Казиногийн хуулийг засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэхэр төслийг бэлтгэж байна. Чөлөөт бүс байгуулах нэрээр улсын төсвийн хөрөнгийг үрж, үр дүнгүй үрэлгэн ажил болох вий гэдгийг гишүүд онцгой сануулж байгаа юм. Харин ажил хариуцсан яамны удирдлагууд нисэх буудал түшиглэн байгуулсан чөлөөт бүсүүд амжилттай үйл ажиллагаа явуулдаг олон улсын жишгийг хөндөж хөшигийн хөндийн чөлөөт бүс эдийн засгийн үр өгөөж сайтай байх тооцооллыг танилцууллаа.