Хаврын чуулганы нээлтэд Улсын их хурлын дарга Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хөндсөн. Одоогийн 76 гишүүнийг хүн амтайгаа харьцуулахад төлөөллийн хувьд цөөдөж байгаа талаар онцолсон юм. Өөрөөр хэлбэл энэ хаврын чуулганаар Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулах ажил эхлэх магадлал өндөр байгаа юм. Тэгвэл энэ асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
2019 онд өөрчилсөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дахин нэг эргэн харах ёстой гэж эрх баригч нам үзэж байгаа. Ингэхдээ засгийн газрын тэргүүнд олгосон эрх мэдлээс гадна сайд нарын давхар дээлний тоог эргэн харах шаардлага байгааг өнгөрсөн намрын чуулганаар хөндөж байсан. Харин парламентын спикер хаврын чуулганы эхэнд үндсэн хуулийг өөрчлөх хэрэгцээ шаардлага байгааг онцлоод УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хөндсөн. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүд ямар байр суурьтай байгааг зарим гишүүдээс тодрууллаа.
Үндсэн хуулийг өөрчлөх процесс тийм ч хялбар биш. Бүх нийтийн санал асуулга, олон удаагийн хэлэлцүүлэг, эрдэмтэн судлаачдын санал шүүмжлэлийг тусгах гээд ажиллагаа их. Гэхдээ энэ хаврын чуулганы хугацаанд Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг хөндөж ажил болгоно гэх бор шувуу төрийн ордонд нисч байгаа юм.