УИХ-ын гишүүн Сарангэрэл, Оюунчимэг, Одонтуяа нарын 11 гишүүн “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Өөрөөр хэлбэл 100мл агууламждаа 5гр-аас дээш сахарын агууламжтай чихэрлэг ундаанд тодорхой хэмжээний онцгой албан татвар ногдуулах нь. Ингэснээр үндэсний үйлдэрлэгчид сахарын агууламжаа бууруулахаас гадна, импортоор хэт чихэрлэг ундаа орж ирэх нь багасах эдийн засгийн хөшүүрэг ажиллаж эхлэх юм. Судалгаанаас харахад чихэрлэг ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээнээс болж хүүхэд залуусын дунд таргалалт болон бусад өвчин нэмэгдэж байгаа аюултай тоо баримт их бий. Нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн урьдчилан сэргийлсэн энэ хууль батлагдвал олон талын ач холбогдолтойг хууль санаачлагчид хэлж байна.
Хууль тогтоогчдын хувьд улс орны хөгжлийн бодлогыг аль болох урт хугацаанд харж, үр дүнг харж түүнийг чиглүүлж байх ёстой. Энэ хүрээнд УИХ-ын нэр бүхийн 11 гишүүн тэр дундаа УИХ дахь эмэгтэй гишүүд толгойлон хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах хуулийн төслийг өргөн барилаа.
Мэргэжлийн байгууллагуудын судалгаанаас үзэхэд 7-11 насны хүүхдүүдийн дунд таргалалт, илүүдэл жин өндөр. Мөн энэ насны хүүхдийн дунд явуулсан судалгаанаас харахад эрүүл шүдтэй хүүхэд ховор байжээ. Ийм учраас нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад хэт чихэрлэг ундааны татварыг нэмэгдүүлэх нь зардал багатай, үр дүнтэй арга гэж хууль санаачлагчид үзэж байна.
Татвар нэмэгдүүлж энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид дарамт учруулах нь гэсэн хардлага нийгэмд бий болох эрсдэлтэй. Харин үүн дээр хуулийг төслийг санаачлагчид ийм тайлбар өгч байна. Хуулийн төсөлд тусгаснаар хэт чихэрлэг ундаанд татвар ноогдуулна. Ингэснээр хэрэглээг 22.8 хувь бууруулах боломжтой гэж үзээд байгаа юм.
Чихэрлэг ундааны хэрэглээг системтэй бууруулснаар 5-10 жилийн дараа таргалалт, чихрийн шижин, зүрх судасны өвчин, шүдний өвчин буурна. Энэ хирээрээ эрүүл мэндийн салбарын зардлын дарамт буурна гэж хууль санаачлагчид үзэж байна.
Ийм туршлага дэлхийн бусад оронд их байдгийг хэлж байна.