Аж ахуйн нэгжүүдэд хийдэг төрийн төлөвлөгөөт шалгалтыг гурван жилийн хугацаанд бүрэн зогсоох хуулийн төслийг засгийн газар санаачлаад байна. Энэ хууль батлагдснаар гурван жилийн хугацаанд аж ахуй нэгжүүд хяналт шалгалт нэртэй дарамт, авлига, хүнд сурталт автахгүйгээр ажлаа хийх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Засгийн газраас санаачилсан хуулийн төслийг өнөөдөр Улсын их хурлын нэгдсэн чуулган хэлэлцлээ.
Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллага мөн харьяа 16 байгууллагын 1200 гаруй байцаагч төрийн хяналт шалгалт хийдэг.
Тэд жилдээ 10 мянга гаруй бизнес эрхэлж буй компанид нэвтрэн шалгадаг байна. Хяналтын ажил төрийн нэр барьж аж ахуй нэгжүүдийг дарамталдаг, хүнд суртал гаргадаг, авлига авдаг зэрэг шүүмжлэл их бий. Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы үеэр ч энэ асуудлыг гишүүд хөндөж байсан юм. Тэгвэл энэ шалгалтыг гурван жилийн хугацаанд бүрэн зогсоох гэж байна. Ингэснээр бизнесийн байгууллагууд ямар нэг дарамт шахалтгүйгээр чөлөөтэй ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
Хяналт шалгалтгүй боллоо гээд бизнесийн байгууллагууд дур зоргоороо аашилна гэсэн үг биш. Тэдэнтэй хариуцлагын гэрээ байгуулахаас гадна бусдын амь нас эрүүл мэндэд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гаргавал хатуу хариуцлага тооцохоор төлөвлөжээ. Гишүүдийн хувьд хяналт шалгалтыг бүрэн зогсоох бус цөөлөх, салбараар нь ангилан шалгах зэрэг өөр боломж эрэлхийлсэн эсэхийг засгийн газраас тодрууллаа.
Төрийн хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсоох энэ хууль засгийн газраас баримтлан хэрэгжүүлж буй шинэ сэргэлтийн бодлоготой шууд холбоотой. Аж ахуй нэгжүүдээ эргэн сэргээхийн тулд ийм бодлого баримтлахаар шийдсэн байна. Цаашдаа засгийн газар төрийн хяналт шалгалтыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэдэг ганц газар төвлөрүүлэхгүй. Салбар бүрийн мэргэжлийн байгууллагууд дээрээ харьяалагддаг бодлого барина гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямбаатар хэллээ. Ингэснээр төрийн төлөвлөгөөлт шалгалтыг гурван жилийн хугацаанд зогсоох хуулийн төслийг улсын их хурал хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн хүлээн авлаа.