Таван жилийн төлөвлөгөөний тогтоолд шинээр багтсан төсөл бол Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам. Зургаан сарын дотор барьж дуусгана гэсэн 200 км автозам өнөөдрийг хүртэл дуусаагүй дөрвөн жил болж байна.
Энэ хугацаанд улсын төсвийн хөрөнгө оруулалтаас хасагдсан, гадны зээл тусламжаа олигтой хөөцөлдөөгүй зэргээс үүдэн ажил гацсан. Иргэдийг бухимдуулж, олон арван хүн эд хөрөнгө, амь насаараа хохирсон. Энэ бүхний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг гишүүд асуулаа.
Улсын хөгжлийг таван жилээр анх удаа ярилцаж байгаа. Гэхдээ өнөөдөр улсын хөгжил цаасан дээр буусан шиг гоё сайхан бус улам уруудан доройтож байгааг гишүүд хатуу шүүмжиллээ.
Хэлэлцүүлэгт бүх сайд нар ирсэн. Энд ирж цаас харж ярихын оронд явж ажлаа хийцгээ гэж хэлэх гишүүд ч олон байсан юм. Өнөөдөр валютын ханш тэнгэрт гарсан, долларын гүйлгээ хийгдэхгүй байна, бүх юмны үнэ өссөн, шатахууны үнэ өдөр бүр нэмэгдэж байна, бүх аймаг сумд шүлхий өвчинд нэрвэгдсэн. Дээр нь ирэх оноос эхлэн эрчим хүчээр бүрэн хангаж дийлэхээ больж, доголдол үүсэхэд ойрхон ирлээ. Айл өрхүүдийн цахилгааныг хязгаарлахаас өөр замгүй болно. Ар араасаа цохилт болж байгаа энэ бүх асуудлыг яах вэ гэдгийг гишүүд шүүмжиллээ.
Улсын таван жилийн хөгжлийг тодорхойлсон үндсэн чиглэлийн төслийн өөрчлөлтийг хэлэлцэх нь зүйтэй гэж Улсын их хурал үзлээ.
ШУУД ҮЗЭХ