Шалгалт нэртэй “хүнд суртал, дарамт”-ыг гурван жил зогсооно

Парламент

Монголд жижиг буузны гуанз нээхээс эхлээд иргэн, аж ахуй нэгжүүд бизнесээ хөгжүүлэхэд хамгийн их саад болдог зүйлсийн нэг нь төрийн хяналт шалгалт. Бараг өдөр бүр нэг байцаагч ирнэ. Давхардуулсан олон шаардлага хүргүүлж, торгууль ноогдуулдаг. Нуруугаа авахуулсан бизнес эрхлэгчид хүнд сурталтай байцаагч нарт тал зассан дайллага цайллага ч ёс юм шиг тогтжээ. Тэгвэл эдийн засгаа сэргээх гэж оролдож байгаа манай улс бизнест чөдөр болж буй төрийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг гурван жилийн хугацаанд бүрэн зогсоох гэж байна. Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган энэ асуудлыг хэлэлцлээ. 

Төлөвлөгөөт шалгалт зогсох гурван жилийн хугацаанд иргэдийн гомдол, өргөдөл, төрийн байгууллагын тогтоомжийн дагуу л шаардлагатай гэж үзсэн газруудад шалгалт хийх юм. Өөрөөр хэлбэл хэн нэгэн байцаагч аль нэг газрыг дураараа шалгаж, үйл ажиллагааг нь шууд зогсоодог байдал хуулиар хориотой болж байна. Хуулийн үндсэн зорилго нь хүнд сурталгүй, аж ахуй нэгжүүдийг шалгалт нэртэй дарамтад оруулахгүйгээр чөлөөтэй ажилах боломж олгоход оршиж байгаа юм. Тэгвэл гурван жилийн хугацаанд л шалгалт дагасан хүнд сурталгүй байх уу. Цаашид яах вэ гэдгийг гишүүд асуулаа.

Төрийн хяналт шалгалт хийдэг 18 төрлийн байгууллага байна

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд байгууллагын данс хаадаг асуудлыг хөндөж байна. Жижиг зөрчлөөр шалтаглаад данс хаадаг энэ үйлдэл бол аж ахуй нэгжүүдийн ашиг орлогыг үгүй хийж, үйл ажиллагааг нь шууд нугасладаг төрийн хүнд дарамт гэдгийг онцоллоо. Гэтэл энэ бүх дарамт шахалтын ард олон ажилтан албан хаагчдын амьдрал яригдаж байдаг, дээр нь тухайн бизнесийн хувь заяа шууд дээсэн дөрөөн дээр очдогийг гишүүд хатуухан шүүмжиллээ. 

Хяналт шалгалт зогсоох хуулиар аж ахуй нэгж зөрчил гаргасан бол шууд торгохгүй. Эхлээд сануулж, зөвлөн туслах юм. Цаашдаа хяналтын байгууллага эрсдэлийн үнэлгээ тогтоох судалгаа хийнэ. Эндээс өндөр эрсдэлтэй гэж үзсэн газруудад л шалгалт хийдэг болохоор төлөвлөжээ. Өнөөдөр хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг байсан. Зарим гишүүд шалгалт зогсоох асуудлыг дэмжихгүй байгаа учраас МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.