Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай хуульд өөрчлөлт орж байна. Эрдэнэс буюу үнэт чулуу, үнэт металл байгалийн төрц, химийн нэгдэл, бүтээгдэхүүнийг Монголбанк хуримтлуулан хадгалах, худалдах, тээвэрлэх, үнийг тогтоох зэрэг харилцааг зохицуулах юм. Харин алт болон бусад үнэт металлийн сорьцыг тогтоох асуудалд гишүүд тун нухацтай хандаж байна. Өнөөдрийн хуулиар төрийн ганцхан байгууллага сорьц тогтоож байгаа нь дэндүү учир дутагдалтай гэдгийг гишүүд онцоллоо.
Алт болон бусад үнэт металлийн сорьцыг Монголбанкны харьяанд байх нэг л байгууллага тогтооно. Хэрвээ энэ байгууллага сорьцыг буруу тогтоовол хохирлыг төр хариуцахаар хуульд зааж өгсөн байна. Энэ зохицуулалттай зарим гишүүд санал нэгдсэнгүй. Үүний оронд сорьц тогтоох итгэмжлэгдсэн олон байгууллагатай байвал ядаж нэгийгээ хянах боломж бүрдэнэ гэдгийг онцолж байна.
Эрдэнэсийн сангийн тухай хуульд хоёр шинэ зүйл заалт мөн багтаж байна. Үүнд түүхийн хосгүй олдвор, соёлын үнэт дурсгал эрдэнэсийн санд хадгалагдах юм. Эрдэнэсийн сангийн орлого нь төрд худалдсан бэлэглэсэн, хандивлсан хөрөнгөөр бүрддэг. Үүн дээр нэмээд хууль тогтоомжийн дагуу хураасан, дайчлан авсан эрдэнэсийг мөн сангийн орлого болгохоор тусгажээ.