Төрийн өмчийн компанийн дарга нар цалингаас өөр ямар нэгэн урамшуулал, хангамж авахгүй болж байна. Өмнө нь дарга нар том том машин унадаг, хоёр гурван туслах дагуулдаг, сайн ажилласан гэж дүгнэн их хэмжээний урамшуулал өөртөө олгодог гээд ичмээр үйлдлүүд ил цагаан байлаа. Тэгвэл хэмнэлтийн горимд шилжсэн өдрөөс эхлэн тэдэнд дэд дарга ч гэж байхгүй. Өөрийнхөө ажлыг өөрөө хий гэдэг шаардлагыг хуулиар тавьсан байна.
Төрийн өмчийн компанийн дарга нар үргүй зардал маш их гаргадаг. Компани нь ашигтай ажиллаагүй байхад тэд олон туслахтай, хоёроос гурван дэд даргатай, сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн автомашин хөлөглөдөг. Жолоочтой, туслахтай гээд ажил хийхээс илүү ямба эдлэх нь дэндээд байсан нь нууц биш юм. Бүр дарга нар бие биенийгээ шагнасан, өөртөө сайн гэх дүгнэлт гарган амралт сувилалд явсан, гадаад дотоодоор зугаалсан, хэдэн тэрбумаар тоологдох өртөг бүхий орон сууцны дэмжлэгийг дарга нартаа үзүүлсэн гээд олон үйлдэл гаргаж байсныг үзэгч та бүхэн санаж байгаа байх. Тэгвэл засгийн газар хэмнэлтийн хуулиар энэ бүхнийг хориглож байна.
Мөн хэмнэлтийн хуулийн хүрээнд дэд болон орлогч дарга нарыг цөөлнө. Одоогоор төрийн байгууллагуудаас 37 дарга, аймгуудад 21, сум дүүргээс 22 гээд нийт 80 дэд, орлогч дарга чөлөөлөгдөхөөр байна. Ингэснээр дарга нарт зориулагддаг байсан 1.3 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо гарчээ.