Ашиггүй ажилладаг төрийн өмчийн олон компани бий. Жил бүр хувьчлах жагсаалтад оруулсаар ирсэн ч шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн нь олон. Ийм компаниуд ямар ч ашиггүй хэрнээ татвар төлөгчдийн мөнгөнөөс үргэлж татаас аван ажилладаг. Дээр нь дарга удирдлагууд нь тансаг хэрэглээтэй гээд төсвийн мөнгийг үрэн таран хийсээр олон жил өнгөрчээ. Тэгвэл засгийн газар төсвийн тодотголтой хамт 10 компанийг татан буулгахаар оруулж ирлээ. Энэ дотор Буянт-Ухаа спорт ордон, Монгол кино нэгтгэл зэрэг багтаж байна.
Ашиггүй ажиллаж байгаа 10 компанийн татан буулгах, худалдах жагсаалтад орууллаа. Үүнд
1. Аялал жуулчлалын хөгжлийн төв
2. Хөдөө аж ахуйн бирж
3. Авто импекс
4. Дархан арьс ширний цогцолбор
5. Герман газ
6. Монгол кино нэгтгэл
7. Спорт бэлтгэлийн төв
8. Буянт-Ухаа спортын төв
9. Техник спортын төв
10. Монгол ус гэсэн компаниуд нэрлэгдэж байна.
Засгийн газраас зарим компанийг нээлттэй болгон хувиргаж, хувьцааг нь худалдахаар төлөвлөсөн. Тэгвэл ашиггүй яваа ийм компаниудыг авах аж ахуй нэгж иргэн олдох уу гэдгийг гишүүд тодрууллаа.
Мөн Монголын цахилгаан холбоо, мэдээлэл холбооны сүлжээ зэрэг нийт 37 компанийг нээлттэй болгож дотоодын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргана. Энэ 37 компаниас 27 нь сүүлийн нэг жилд ашигтай ажиллажээ.
Хэмнэлтийн хуулийн хүрээнд яригдаж байгаа бас нэг сэдэв бол автомашин. Өнөөдөр төрийн мэдэлд байгаа 10 мянган автомашинаас 5500-г нь хураах юм. Хураагдсан автомашиныг дуудлага худалдаагаар зарах мөн автомашин зайлшгүй шаардлагатай байгаа сумдуудад хуваарилах юм.