Эцэг, эхийн хүсэлтээр хүүхэд цэцэрлэгт хамрагдаагүй бол хувьсах зардал олгохгүй

Парламент

Засгийн газар ирэх намар гэхэд бүх хүүхдээ цэцэрлэгт хамруулж, сугалааны цэцэрлэг гэх асуудлыг бүрэн хална гэдгээ ард түмэнд амлаад байна. Тэгвэл засгийн газраас барьж буй бодлого зөвхөн нийслэлд амьдарч буй хүүхдүүдэд хамааралтай шийдвэр болж хувираад байгааг гишүүд өнөөдөр шүүмжиллээ. Хөдөө орон нутагт ч хүүхдүүд бий. Тэднийг ялгалгүй төрийн халамжаа хүртээхийг санууллаа.   

Хүүхдүүдээ ялгах гээд байна гэдэг шүүмжлэлийг орон нутгаас сонгогдсон хэд хэдэн гишүүн хэллээ. Хоёр настай хүүхдээ асарч байгаа эцэг эхэд хувьсах зардал олгох, хувийн цэцэрлэгүүдийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх, барилга барих гээд бүгд Улаанбаатар хотод хамаарах байдлаар хуулийн төсөлд оруулсан байгааг гишүүд онцоллоо. Өнөөдөр цэцэрлэг хүрэлцээгүй 72 мянга 600 гаруй хүүхэд бий. Үүний 38 мянга нь нийслэлд 34 мянга нь орон нутагт байгаа юм. 

Хоёр настай хүүхдээ гэртээ асарч байгаа эцэг эхэд хувьсах зардал олгохоор төлөвлөж байгаа. Харин хүүхдээ цэцэрлэгт өгөх боломжтой ч өөрийн хүсэлтээр гэртээ асарч байгаа бол хувьсах зардал олгохгүй байхаар шийджээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 57 бүсэд цэцэрлэг хүрэлцээгүй байна. Мөн 17 хороо огт цэцэрлэггүй байгаа юм.