Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулж хуулийн 39-р зүйлийн нэгдүгээр хэсгийг хүчингүй болголоо. Ингэснээр Улсын их хурлын хэдэн ч гишүүн давхар сайдын албан тушаалыг хаших боломжтой болж байна. Энэ хэсэгт Улсын их хурлын дөрвөн гишүүн л сайдаар ажиллахыг зөвшөөрсөн байсан нь эцэг хуулийн суурь зарчимтай зөрчилдөж байна гэж Үндсэн хуулийн цэц үзсэн юм. Цэцийн шийдвэр эцсийнх учраас нэгдсэн чуулган ээлжит бусаар хуралдан эцэг хуульд хоёр жилийн дараа дахин өөрчлөлт орууллаа.
Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн зүйл заалтыг хүчингүй болгосон нөхцөл байдал нь анхны тохиолдол болж байна. Тийм учраас Улсын их хурлын Дэгийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид өчигдөр өөрчлөлт оруулж, өөрчлөгдсөн хуулийнхаа дагуу өнөөдөр нэгдсэн чуулган хуралдаж Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг хүчингүй болгон баталлаа. Ингэснээр Үндсэн хуулийн 39-р зүйлийн 1-р хэсэг буюу Ерөнхий сайд болон засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын их хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гэсэн заалт бүхэлдээ хүчингүй болж байна. Өөрөөр хэлбэл одоо хэдэн ч гишүүн давхар сайдын албан тушаалыг хаших боломж нээгдлээ. Үндсэн хуулийг өөрчлөхдөө Улсын их хурлын нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57-гоос дээш гишүүн дэмжсэн тохиолдол батлагдах дэгтэй. Өнөөдрийн хуралдаанд 62 гишүүн оролцож 61 гишүүн дэмжснээр хуулийн төсөл батлагдаж байна. Ганцхан Доржханд гишүүн эсэргүүцсэн байна. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн үеэр гишүүдийн илэрхийлсэн байр сууриас хүргэе.
Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг Улсын их хурлын дарга хоёр хоногийн дотор ерөнхийлөгчид биечлэн танилцуулна. Ерөнхийлөгч хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор Үндсэн хуулийн эх дээр төрийн тамга дарж, гарын үсгээ зурснаар үндсэн хууль баталгаажна. Үүний дараа үндсэн хуулийн өөрчлөлтийг уг эхтэй хамтатган хадгалах юм.