Х.Болорчулуун: Баруун аймаг гантай байхад, зүүн бүсийн аймгуудад малын өвчлөл их байна

Парламент

Бид энэ удаа Байгал орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.

-ПОЛЬШИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ЗЭЭЛЭЭР 10 МЯНГАН ТОННЫ АГУУЛАХ БАРИХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА

-Энэ жилийн өвөлжилтийн бэлтгэл хангагдаж эхэлж байна. Орон нутгуудад нөхцөл ямар байна вэ? 

-Энэ жил олон аймаг гантай байна. Ялангуяа баруун таван аймаг. Эдгээр аймгуудын мал сүргийг тэжээлээр хангах, отор нүүдлийн асуудал зэрэг хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарч магадгүй. Өвөлжилтийн бэлтгэлийн гол асуудал нь хүнсээ хангах байдаг. Одоогийн байдлаар 12-13 центр ургац хураалт авахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ нь  улсынхаа хэрэцээг хангахаар хэмжээнд байгаа ч үр тариа гэдэг байгалиас хараат зүйл юм. Гэсэн ч бид ургасан болгоныг авахын төлөө зохион байгуулалтаа хийнэ. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас Польшийн хөнгөлөлттэй Засгийн газрын зээлээр 10 мянган тонны агуулах барих асуудал яригдаж байна. Цаашдаа агуулахын асуудлыг сум суманд нь, үйлдвэрлэгчдэд  ижил төстэй зураг олгож агуулах бариулах,  хөнгөлттэй зээлийг олгох журмаар шийднэ.

-НОГООЧДОД ХУРААЖ АВСАН НОГООНЫ ТОНН ТУТАМД НЬ 100,000 ТӨГРӨГ ОЛГОНО

Хоёрдугаарт, хүнсний ногооны хувьд өмнөх жилийнхээс 10 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Ургац тариалтын байдал нэмэгдсэн нь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд гаднаас орж ирэх хүнсний ногооны импортын татварыг 15 хувиас 30 хувь хүртэл нэмэгдүүлсэнтэй холбоотой. Уг асуудал нь ногоочдод, ногоо тарих урам өгсөн гэж үзэж байгаа.

Мөн ногоочдод хурааж авсан ногооны тонн тутамд нь 100,000 төгрөг олгохоор шийдвэрлээд байна. Тиймээс ойрын 2 жилийн хугацаанд дотооддоо ногооны хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой гэж үзэж байна. Түүнээс гадна өөр нэг асуудал байгаа нь баруун аймаг гантай байхад, зүүн бүсийн аймгуудад малын өвчлөл их байна. Малын арьс товруутах өвчлөл үүсээд байна. Тус асуудлын дагуу товруутсан малыг шууд устгалд оруулж байгаа. Өнөөдрийг хүртэл жил гарангийн хугацаанд товруугаар үхсэн малын нөхөн төлбөрийг өгөөгүй. Үүнээс болж малчид товруутсан малаа нуух, өөрсдөө дур мэдэн эмчлэх гэж оролдох тохиолдлуудаас болж бусад аймаг руу өвчлөл тарах эрсдэл үүссэн. 2023 оны төсөвт товруутах өвчний нөхөн олговрыг олгох болно. 

Гуравдугаарт, ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад махны экспорт багассан. Тиймээс малчдын орлого буурсан. Харин хоёр хоногийн өмнө Засгийн газар хуралдаж, дулааны аргаар боловсруулсан махыг урд хөршид гаргах шийдвэр гаргасан. Удахгүй нийлүүлэлт явагдаж эхэлнэ” гэлээ. 

Эх сурвалж: Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо