Засгийн газар

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж цаг үеийн асуудлаар зарим шийдвэрийг гаргалаа.  Шинэ төрлийн коронавирусын улмаас 3 сарын 2-ны өдрийг хүртэл аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Тэгвэл энэ хугацаанд сар шинийн баяр таарч байгаа учраас төрийн золгуут болон нутгийн зөвлөлийн золголт сар шинийн бөхийн барилдааныг хориглох шийдвэр гаргалаа. 

Монгол түмний уламжлалт сар шинийн баяр өргөн дэлгэр тэмдэглэгдэж ирсэн. Тэгвэл энэ удаад дэлхий дахинд тархаад байгаа коронавирусийн тархалтаас сэргийлэх үүднээс гэр бүл, ураг садны хүрээнд тэмдэглэх нь зүйтэй гэх шийдвэрийг Улсын онцгой комисс гаргалаа. Өөрөөр бол сар шинийн баяраар аль ч шатны төрийн байгууллага, нутгийн зөвлөл, хамт олны золголт хийхийг хориглож байгаа юм. Мөн 3-р сарын 2-ны өдрийг хүртэл нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулахыг хориглосонтой холбоотой сар шинийн баяраар бөхийн барилдаан явуулахгүй байхаар шийдвэрлэлээ.  

Улсын онцгой комисс өнөөдрийн хуралдаанаараа вирус тархсан голомттой ойр ажиллаж байгаа хил хамгаалах алба, гаалийн байгууллага, эмч мэргэжилтнүүдийг шаардлагатай хэрэглэлүүдээр тогтмол хангахад зарцуулах хөрөнгийг шийдлээ. Мөн одоогийн байдлаар Монгол улсад коронавирусийн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүйг салбарын сайд онцоллоо. Эрүүл мэндийн байгууллагууд шуурхай ажиллаж сэжигтэй тохиолдлуудлыг нэн даруй шинжлэхээс гадна нэмэлт оношлуур нийлүүлэх ажилд Эрүүл мэндийн яам онцгой анхаарч байгааг хэллээ.

МАНАЙ УЛСАД КОРОНАВИРУСИЙН ТОХИОЛДОЛ АЛБАН ЁСООР БҮРТГЭГДЭЭГҮЙ БАЙНА

МАНАЙ УЛСАД 3000 ОРЧИМ КОРОНАВИРУСИЙН ОНОШЛУУР НЭМЭЛТЭЭР НИЙЛҮҮЛНЭ 

Харин Ухань хотод байгаа 33 иргэнээс хоёр хүн нь ирэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Үлдсэн 31 хүний тухайд нутагтаа ирэх хүсэлтээ албан ёсоор ирүүлсэнтэй холбоотой манай талаас шаардлагатай бэлтгэл ажлыг хангасан гэлээ. Нийт 56 улс иргэнээ авах хүсэлт Хятад улсад тавьсан тул манай улс дарааллаа хүлээж байгааг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж шинжилгээгээр онош нь үгүйсгэгджээ. Харин 14 хүний онош тодруулахаар тусгаарласан байдалтай байна. Эрүүл мэндийн яамнаас халдвар тархахаас сэргийлж урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимтэй авч ажиллахаас гадна эмч мэргэжилтнүүдийг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулж, эм тарианы нөөцийг нэмэгдүүлж, маскны хомсдолд онцгой анхаарч байгааг хэллээ.

Мөн нийтийн тээврийн эрүүл ахуйн халдвар хамгаалалтыг сайжруулахад онцгой анхаарч байгаа гэнэ. Тэр дундаа Хятад улсаас тээвэр хийж байгаа хэрэгслүүдийг халдваргүйжүүлэх, тээврийн хэрэгслээр зорчин ирж байгаа иргэдийг өндөр түвшинд шалган нэвтрүүлж байгаа юм байна. Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч үүрэн холбооны операторуудад иргэдийг шуурхай мэдээлэл, зөвөлгөөгөөг цаг алдалгүй хангах үүргийг өглөө.

ФЭЙСБҮҮК ШУУД