Халуун сэдэв

Өнгөрөгч 5сарын 17-ны өдөр Гаваагийн Батхүү агсан төрийн ордонд явж байгаад амь насаа алдсан хэрэг гарсан. Батхүү агсны амь насаа алдсан хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Харин өчигдрөөс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн учир, түүнийг яллагдагчаар татах саналыг прокуророос гаргасан гэж мэдээлэх болсон. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас тайлбар өглөө.             

Өнгөрсөн 5 сард УИХ-ын дэд дарга асан Гаваагийн Батхүү агсан төрийн ордонд явж байгаад амь насаа алдсан. Түүнийг төрийн ордны хоёр давхраас нэг давхрын гонхи руу унаж амь насаа алдсан гэж үздэг. Энэ нь учир битүүлэг гэж үзэн хуулийн байгууллага шалгаж эхэлсэн. Батхүү агсныг тухайн өдөр  Төрийн ордонд хамгийн сүүлд хэний өрөөнд орсон, хэнтэй уулзсан талаар  хуулийн байгууллагаас гэрчүүдээс мэдүүлэг авсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд Батхүү агсантай тухайн өдөр ажил хэргийн шугамаар уулзаад салсан гэдэг. Ингээд тэрээр бусдын адил хуулийн байгууллагад гэрчийн мэдүүлгийг 3 удаа өгсөн байдаг. Ингэхдээ тэрээр туслах, зөвлөх нарын  хамт хуулийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн гэж Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр мэдэгдлээ.  Тиймээс түүнийг туслах болон зөвлөхийнх нь хамт Эрүүгийн хуульд зааснаар худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр  яллагдагчаар татсан байна.

Хамгийн сонирхолтой нь Н.Номтойбаяр туслах зөвлөхийн хамт яагаад худал мэдүүлэг өгөв гэдэг нь олны анхаарлыг татаж байна. Одоогоор Н.Номтойбаярыг "Худал мэдүүлэх хэрэгт" яллагдагчаар татаж, Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж, НПГ хяналт тавьж байна.