Нийгэм

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг 2020 онд сайжруулах багц төсөл хэрэгжих гэж байна. Энд автобус, такси, авто зогсоол, сурагчдын автобус зэргийг багтаажээ. Түгжрээ бууруулж, иргэд хурдан шуурхай зорчих нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм. Багц төслийн санхүүжилт бүрэн шийдэгдэж, шинэчлэлийн ажил эхлэхэд бэлэн болжээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-д ажиллаж, хэрэгжүүлж буй төсөл болоод цаашид хэрэгжүүлэх төслүүдтэй танилцлаа. “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК”-ийн гүйцэтгэх захирал С.Билэгсайханы  танилцуулснаар 2020 онд нийт 23 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнээс нэн тэргүүнд нийслэлчүүдийн өмнө тулгамдаж буй нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах нийтийн тээврийн шинэчлэлийн цогц төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Энэхүү цогц төслийн хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх төсөл, такси үйлчилгээг сайжруулах “Улаанбаатар такси- КАБ” төсөл, Авто зогсоолын төсөл, Сургуулийн автобус зэрэг төслийг хэрэгжүүлэх юм. Эдгээр төслүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэдгийг албаныхан онцоллоо.