Нийгэм

Манай улсад 1537 км төмөр зам бий. Энэ замыг 1960-1980 оны Зөвлөлтийн стандартаар тавьж байгуулжээ. Өнөөдөр ийм зам төмөр үйлдвэрлэгдэхээ больж стандартаас хасагдах болсон байна. Олон жилийн насжилттай зам төмрүүд ч эхнээсээ муудаж, эвдрэл гэмтэл байнга гарах болжээ. Үйл ажиллагаанд ч доголдол үүсгэж байгаа учраас зам төмрийг шинэчлэх зайлшгүй шаардлага тулгарсныг төмөр замын удирдлагууд хэлж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд нийт 1537.4 км зам ашиглаж байна. Үүний дийлэнх нь буюу 51 хувь нь R50 маягийн хуучны зам төмөр байдаг байна. Насжилт өндөр, хөдөлгөөний аюулгүй байдал хангахгүй, даац муу энэ зам төмрийг халж, R65 маягийн зам төмөр тавих шаарлагатай бий болжээ. Оросын Холбооны Улсад 1960-1980 оны хооронд үйлдвэрлэгдэж байсан R50 зам төмөр одоо үйлдвэрлэгдэхээ больсон байна. Манай хоёр хөршид ч хуучны энэ зам төмөр ашиглагдахаа болсон гэдгийг холбогдох албаныхан хэллээ. Ачаалал даахаа больж гэмтэл их гардаг тул хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж байгааг онцоллоо.

 

 

Зам төмрийг шинэчилснээр ачааны галт тэрэг болон зорчигчийн гал тэрэгний хурд нэмэгдэнэ, хүнд жинтэй урт бүрэлдэхүүнтэй галт тэрэг явах боломжтой болно, тээж нэвтрүүлэх ачааны хэмжээ өснө, ашиглалтын нөөц нэмэгдэнэ, аюулгүй байдал хангагдана гээд давуу тал их гэлээ.

Улаанбаатар төмөр зам жилд 50-80 км зам төмөрт засвар хийх төлөвлөгөөтэй ч хөрөнгө мөнгөгүйн улмаас жилд 30-40 км зам завсарладаг байна. Зам төмрийг шинэчлэхийн тулд зорчигч тээврийн болон орон нутгийн нүүрс тээврийн тарифыг өсгөх шаардлагатай юм байна.