Нийслэлийн Онцгой байдлын газраас Улсын Их дэлгүүрийн байранд гал түймэр унтраах тактикийн сургуулийг өнөөдөр зохион байгууллаа. Дадлага сургуулийг Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан нээж, үйл ажиллагаанд амжилт хүссэн.
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “НОМИН ХОЛДИНГ ХХК”-ийн Улсын их дэлгүүрийн Эртний эдлэл болон ном, бичиг хэргийн худалдааны 6 давхарт гал түймэр гарсан цагийн байдлаар тактикийн сургууль эхэлсэн.
Дадлага сургуулийг зохион байгуулснаар гал түймрийг унтраах, арга зүй, онцлогийг судлах, Гал түймэр унтраах, аврах ангиудын гал унтраах харилцан ажиллагааг бэхжүүлэх, гал түймэр гарсан үед богино хугацаанд хурдан шуурхай хүрэлцэн очиж хохирол багатай унтраах, алба хаагчдын сэтгэл зүй, бие бялдар, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй хайгуул хийх, гарсан гал түймрийг байгаа хэмжээнд хохирол багатай унтраах үйл ажиллагаанд туршлага хуримтлуулах ач холбогдолтой юм.
Гал түймэр унтраах тактикийн сургуульд Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Аврах ангийн нийт 80 гаруй алба хаагч, Улсын их дэлгүүрийн 80 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо.
Түүнчлэн гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, гал түймэр гарсан үед тухайн объектоос томилогдсон сайн дурын бүлгэм, Гал түймэр унтраах аврах ангиудын харилцан ажиллагааг уялдуулж, гарсан гал түймрийг хохирол багатай унтраах, гал сөнөөгчид тухайн объектын онцлог байдалтай танилцах, гал унтраах аврах анги очиж үйлчлэх хугацааг тогтоон, байгууллагын ажилтнуудад гамшгийн үед хэрхэн өөрийгөө болон бусдыг авран хамгаалах талаар болон гал унтраах анхан шатны багаж зэвсэглэмж ашиглах дадлага эзэмшүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.