Ирэх сарын нэгнээс автозам засвар арчлалтын ажил эрчимтэй өрнөнө. Манай улсын хэмжээнд зүүн бүсийн болон урагш чиглэлтэй автозамд ихээхэн хэмжээний эвдрэл гэмтэл гарч засварлах шаардлагатай болсон байна. Мөн энэ жилээс баригдаад удаагүй, эвдрэлгүй замын насжилтыг уртасгах шинэ технологийг баруун чиглэлийн автозамд туршихаар болжээ.
Улсын хэмжээнд долоон мянган гаруй км хатуу хучилттай автозам бий. Эдгээрийн 50-70 орчим хувь нь насжилтаас үүдсэн эвдрэл гэмтэлтэй болсныг салбарынхан онцолж байна.
Өнгөрсөн хугацаанд насжилтын хугацаа дууссан хойно нь эсвэл эвдэрч гэмтснийх нь дараа өндөр өртгөөр засвар шинэчлэлийг хийдэг байсан. Харин энэ жилээс эвдрэл гэмтэлд ороогүй, шинэхэн баригдсан автозамуудад нэгэн шинэ технологи нэвтрүүлэхээр болжээ.
Автозамын эвдрэлд шууд нөлөөлж байгаа хүчин зүйл бол даац хэтэрсэн тээрийн хэрэгсэл гэдгийг салбарын сайд онцолж байна. Тиймээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхэд автозамын нормативт тохирсон хэмжээнд байгаа эсэхэд хяналт шалгалт хийх зэрэг олон ажлыг төлөвлөжээ.
Автозам засвар, арчлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 32 төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж өнөөдрийн сургалтад хамрагдлаа. Энэ удаагийн сургалтад Япон, Солонгос зэрэг гадны улс орны автозамын салбарын инженер, бусад мэргэжлийн хүмүүсээс заавар зөвлөмж өглөө.