Шинэ оны босгон дээр эгэл жирийн малчдын дундаас Хөдөлмөрийн баатар төрсөн нь Архангай аймгийн Их Тамир сумын иргэн малчин Доржсүрэн. Баатар цолоо аваад хоёр хоногийн дараа гэхэд л малынхаа бэлчээрт үхэр сүргээ хариулан явсан тэрээр мал сүргийнхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг нэгэн гэнэ. Тэгвэл Хөдөлмөрийн баатар Доржсүрэн хаврын сайн өдрийг сонгон баатар цолоо мялаалаа. Их тамирын голын хөвөөнд төрж өссөн тэрээр Тамирын голынхоо эрэгт баатар цолныхоо хүндэтгэлийг хийсэн байна.
Хөдөлмөрийн баатар Доржсүрэн 16 настайгаасаа эхлэн 52 жил мал маллажээ. Түүний амьдрал ердөө 5 сарлагтай эхэлж байсан бол өнөөдөр үхэр сүргийнх нь тоо 2000 толгойд хүрчээ. Энэ бол Монгол Улсад үхэр тэр дундаа сарлагийн сүргээ 2 мянган толгойд хүргэсэн анхны тохиолдол юм. Доржсүрэн гуай Их Тамир сумын Хөх нуур багт төрж өссөн. Уйгагүй хөдөлмөр, малынхаа араас явсан амжилт нь 2005 оноос эхэлсэн байна. Тэр жил Доржсүрэн 5 мянган хонь, 400 гаруй сарлаг тоолуулж Улсын сайн малчин болж байжээ. Үүнээс хойш удаан өсдөг гэх үхэр сүрэгтээ гол анхаарлаа хандуулсан байна. Ингээд 2012 онд сарлагийнхаа тоог 1500-д хүргэж анх удаа сарлагийн баяр хийж байсан бол 2021 онд 2 мянган тоо толгойд хүргэснийг төр засаг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол хүртээжээ. Угийн дуу цөөтэй Доржсүрэн гуай баатар цолныхоо цайллагыг Хөх нуур багийнхаа төвд даруухан тэмдэглэлээ. Нутаг орных нь найз нөхөд, ах дүү нар нь Тамирын голын хөвөөнд цуглалаа.
Сарлаг гэдэг амьтан уулын оройгоор, өндөрт голдуу бэлчиж байж өсөж үрждэг. Доржсүрэн гуайн гэрт очий гэвэл уулын орой руу, бартаа саад ихтэй зам туулах хэрэг гардаг. Сарлаг усны тунгалгийг ууж, эмийн ургамал болон өвсний шимтэйг түүж иддэг амьтан. Тэгэхээр ийм газар малаа хүргэж байж л тоо толгойг нь өсгөдөг хэмээн Доржүрсэн гуай хуучилж байна.
Өнөөдөр тэрээр олон шавьтай болжээ. Сарлагаа хаана бэлчээх, тугалыг нь хэрхэн бойжуулах, сайн малаа хэрхэн шинжиж таних, сарлагийн сүү, хөөвөр гээд олон ашиг шимийг аль цагт хүртэх гээд олон зүйлийг зааж сургадаг байна. Түүний шавь нараас Монголын Улсын аварга малчин ч төрөн гарчээ.
Доржсүрэн гуай Архангай аймгийн Их Тамир суманд 60 жилийн дараа төрж буй Хөдөлмөрийн баатар юм. Өнөөдөр тэрээр олон арван айл өрхийг малжуулж, цалин орлоготой болгожээ. Мөн өдөртөө гэхэд л 200 гаруй литр сүү сааль авдаг, сарлагийн амтат мах бэлтгэх, ноолуураас дутахгүй нарийн ширхэгтэй сарлагийн хөөвөр самнаж тушаадаг гээд малаасаа өндөр ашиг шим хүртдэг байна. Тийм учраас Доржсүрэн гуайн мал маллах ухааныг залуу хойч үедээ өвлүүлэхэд сум орон нутгийн удирдлагууд ч анхаарч эхэлжээ.
Хөдөлмөрийн баатар Доржсүрэн гуай туслах малчин олон ч өглөө оройд малдаа өөрөө явдаг. Сарлагийнхаа гишгэж байгаагаас эхлээд бүхий л үйл хөдлөл бүр бэлчиж байгааг нь өдөр бүр аждаг байна. Яг ийм байдлаар мал маллахдаа чин сэтгэлээ зориулж, малаа сайтар нүдэлж чадвал ямар ч мал хурдан өсдөг гэдгийг Хөдөлмөрийн баатар Доржсүрэн шавь нартаа үргэлж хэлдэг байна.