2030 он хүртэл нийслэл хотод 120 сая мод тарина

Нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч "Нэг тэрбум мод" тарих хөдөлгөөн зарласан. 2030 он хүртэл нийслэл хотод 120 сая мод тарина гэсэн тооцоо, судалгаа гаргаад байгаа юм. Одоогоор хийх ажлын төлөвлөгөө, дараалал боловсруулж байна. Гэхдээ мод тариад л асуудал шийдэгдэхгүй. Иргэдийн оролцоо, арчилгаа, тордлого хамгийн чухал гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Нийслэл хотод 120 сая мод тарихаар зэхэж байна. Үүний 55 орчим саяыг нь Улаанбаатар хотын ойн бүсэд тарьж, ойг нөхөн сэргээх, хамгаалалтын зурвас татах ажил хийгдэнэ.

Өнгөрсөн хоёр жилийн байдлаас харвал нэг жилд 100 орчим га талбайд ойжуулалт хийж, 135 мянган ширхэг мод тарьсан байна. Ингээд тооцвол 2030 он гэхэд 55 сая модыг ойн бүсэд тарьж ургуулах боломжтой гэсэн тооцоо судалгаа гаргажээ.

Гол нь тарьц, үр суулгац, хүн хүч, хөрөнгө санхүүгийн нөөцийг 100 дахин нэмэх хэрэгтэйг албаны хүмүүс ярилаа. 

Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган өрх бүр хашаандаа 5-10 мод тарих ажил яригдаж байна. Хөрсний бүтэц, модны арчилгаанаас хамаараад айл бүр харилцан адилгүй байдлаар мод тарих юм. Энэ талаар мэргэжлийн хүмүүстэй ярилцаж, мод тарих ажлыг эхлүүлэхээр зэхэж байгааг хотын дарга хэллээ.

Зөвхөн мод тариад л цөлжилтийг шийдэж чадахгүй. Арчилгаа, хамгаалалт маш чухал. Хортон шавжаа устгахдаа ч эко тэнцвэрийг алдагдуудахгүй байх хэрэгтэй. Шинэ техник технологийг нэвтрүүлэх хэрэгтэйг зарим гишүүд зөвлөгөөний үеэр хөндөж байлаа.

Моджуулах аянд төр хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагаа чухал. Иргэд байгаалиа хамгаалж, ирээдүй хойчдоо ногоон байгаль үлдээхийг уриалж байлаа.